19.1. Асрамжийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлнэ.
19.2. Төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:
19.2.1. тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие ахмад настан;
19.2.2. тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
19.2.3. тэжээн тэтгэх хүүхэд нь хорих ангид ял эдэлж байгаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь тухайн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бие даан амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
19.2.4. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан хүүхэд болон эрсдэлт нөхцөлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
19.2.5. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан үйлчилгээнд хамрагдах сэтгэцийн эмгэгтэй хүн.
19.3. Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэн болон бусад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, сэтгэцийн эмгэгтэй хүн, асаргаа шаардлагатай хүнд асрамжийн үйлчилгээг төрөлжсөн болон хувилбарт хэлбэрээр, төлбөртэй, төлбөргүй, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлж болно.
19.4. Энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь ашгийн бус байх бөгөөд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
19.5. Асрамжийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн нас, эрүүл мэндийн байдал, онцлог хэрэгцээг харгалзан төрөлжүүлж болох бөгөөд энэ хуулийн 19.2.5-д заасан асрамжийн газар нь мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөлийг хангасан төрөлжсөн үйлчилгээ байна.
19.6. Энэ хуулийн 19.3-т заасан иргэн, хуулийн этгээд нь мөн хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-т заасан хүнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа бол тэдгээр үйлчлүүлэгчид 19.16-д заасан хувьсах зардлыг олгоно.
19.7. Энэ хуулийн 19.6-д заасны дагуу хувьсах зардлыг олгохдоо нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулна.
19.8. Энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нь хувьсах зардлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хүүхэд хамгааллын санхүүжилтээс авч болно.
19.9. Сэтгэцийн эмгэгтэй хүний төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.5-д заасан иргэний хувьсах зардлыг нийгмийн халамжийн сангаас, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, урсгал зардал, ажиллагчдын цалин хөлсийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцаас санхүүжүүлнэ.
19.10. Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа асаргаа шаардлагатай гэж тогтоогдсон үйлчлүүлэгчид 19.19.1, 19.19.2-т заасан зардлыг гурав дахин нэмэгдүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны илүү цагийн хөлс, урамшууллыг нэмж олгоно.
19.11. Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэнийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын, 19.2.4-т заасан хүүхдийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын саналыг тус тус үндэслэн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, дүүргийн Засаг дарга гаргана.
19.12. Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэний нийгмийн халамжийн сангаас олгох амьжиргааг дэмжих тэтгэмж эсхүл нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн 30 хувийг өөрт нь олгож, 70 хувийг асрамжийн газрын дансанд төвлөрүүлж, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, хөгжил, оролцоог дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.
19.13. Асрамжийн үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийн, иргэн, хуулийн этгээд, төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээний байгууллагад тохирлын гэрчилгээ олгоно
19.14. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага болон энэ хуулийн 19.7-д заасан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийнэ.
19.15. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийнэ.
19.16. Асрамжийн үйлчилгээнд хамрагдах нэг үйлчлүүлэгчид ногдох хувьсах зардал, үйлчилгээний зардлын хөнгөлөлтийн хэмжээ болон энэ хуулийн 19.26-д заасан зардлын хэмжээ, журмыг санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална:
19.16.1. хоол хүнс, хувцас, зөөлөн эдлэл ариун цэврийн хэрэгсэл;
19.16.2. эм, живх болон эмнэлгийн туслах хэрэгсэл;
19.16.3. асрамжийн газарт ирэх, буцах унааны зардал;
19.16.4. асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хамрагдахтай холбоотой зардал;
19.16.5. оршуулгын зардал;
19.17. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний батлах асрамжийн үйлчилгээ үзүүлэх журамд дараах харилцааг зохицуулна:
19.17.1. асрамжийн үйлчилгээнд хүүхэд, иргэнийг хамруулах, шилжүүлэх, гаргах;
19.17.2. асрамжийн газрын төсөв, хөрөнгө, бусад хандив, тусламжийг бүртгэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
19.17.3. асрамжийн газарт төвлөрсөн иргэний тэтгэвэр, тэтгэмжийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
19.17.4. асрамжийн газрын ажилтны сургалтын агуулга, хөтөлбөр, үргэлжлэх хугацаа, гэрчилгээ олгох;
19.17.5. асрамжийн үйлчилгээний чанарт тавих шалгуур, иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, санхүүжилт олгох.
19.18. Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т заасан хүнд үйлчилгээ үзүүлэх улсын асрамжийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд, бүс болон орон нутгийн асрамжийн газар нь харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын харьяанд, хүүхдийн асрамжийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд, Сэтгэцийн эмгэгтэй иргэний асрамжийн газар нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяанд ажиллана.
19.19. Энэ хуулийн 19.2-т заасан хүнд үйлчилгээ үзүүлэх улсын асрамжийн газар байгуулах асуудлыг Засгийн газар, бүсийн болон орон нутгийн асрамжийн газар байгуулах асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
19.20. Төрийн асрамжийн үйлчилгээний урсгал зардал, ажиллагчдын цалин хөлс, үйлчлүүлэгчдийн хувьсах зардлыг улсын болон бүсийн асрамжийн газарт улсын төсвөөс, орон нутгийн асрамжийн газарт орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
19.21. Асрамжийн газарт иргэн, хувийн хэвшил, олон улсын байгууллагаас олгосон санхүүжилт, хандив тусламжийг зориулалтын бусаар зарцуулахгүй бөгөөд төсөв, зарцуулалтын тайлан нь ил тод, нээлттэй байна.
19.22. Шинээр асрамжийн үйлчилгээ үзүүлэх эсхүл асрамжийн үйлчилгээний барилга байгууламж барих, өргөтгөл хийх иргэн, хуулийн этгээдийг төрөөс бодлогоор дэмжин нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
19.23. Энэ хуулийн 19.21, 19.22-т заасан дэмжлэгийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
19.24. Улс, бүс, орон нутгийн асрамжийн газрын төсөв нь тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар улсын болон орон нутгийн төсөв, холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлсэн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
19.25. Энэ хуулийн 19.12-т заасан хөрөнгийг үйлчлүүлэгчдэд бэлэн мөнгөөр олгохгүй бөгөөд асрамжийн газрын дансанд төвлөрүүлэн тэдний эрэлт, хэрэгцээнд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулна:
19.25.1. үйлчлүүлэгч өвчний улмаас дотоодын рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнэ, ирж, очих унааны зардлын эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлтөөс гадна иргэний хариуцах төлбөрийг төлөх;
19.25.2. үйлчлүүлэгч өвчний улмаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээ, үйлчилгээний холбогдох зардлыг төлөх;
19.25.3. хорт хавдрын улмаас болон эдгэшгүй хүнд өвчтэй үйлчлүүлэгчийг хөнгөвчлөх үйлчилгээнд хамруулсан төлбөрийг төлөх;
19.25.4. өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээ (MRI, компьютер томограф, ангиограф г.м), мэс засал (зүрх, тархи, нугас, гэмтлийн нөхөн сэргээх болон орлуулах, эрхтэн шилжүүлэх гэх мэт)-ыг дотоодод хийлгэсэн зардлын иргэний хариуцах хувийг төлөх;
19.25.5. энэхүү журмын 19.25.2, 19.25.3, 19.25.4-т заасан тохиолдолд үйлчлүүлэгч болон түүнийг асран хамгаалж явах ажилтны замын зардлыг төлөх;
19.25.6. өндөр өртөг бүхий эм, тариа, хянах багаж хэрэгсэл (уураг, сахрын хэмжээг шалгах аппарат, тест гэх мэт) ийг худалдаж авахад гарсан зардлыг төлөх;
19.25.7. цагаан сар:билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон ахмадын өдрийг тохиолдуулан үйлчлүүлэгчдэд хүндэтгэл үзүүлэх зардлыг төлөх;
19.25.8. үйлчлүүлэгч төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутагтаа зайлшгүй шалтгаанаар явах тохиолдолд ирж, буцах унааны зардлыг нэг удаа төлөх;
19.25.9. үйлчлүүлэгчийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор ахуйн хэрэглээний техник, тоног төхөөрөмж авах, үйлчлүүлэгчийн өрөө тасалгаанд засвар хийх;
19.25.10. үйлчлүүлэгчийн үзвэр үйлчилгээний төлбөр төлөх;
19.25.11. үйлчлүүлэгч нас барахад олгох оршуулгын тэтгэмж нь оршуулгын зан үйлийг гүйцэтгэх зардалд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд зөрүү хэсгийг төлөх;
19.25.12. урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэх, асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч болзошгүй үед нэн шаардлагатай, онцгой арга хэмжээний зардлыг төлөх;
19.25.13. асаргаа шаардлагатай үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд асран халамжлах хүний хөлсийг төлөх;
19.25.14. үйлчлүүлэгч асрамжийн газраас гарах, шилжих тохиолдолд үйлчлүүлэгч болон түүнийг асран хамгаалж явах ажилтны замын зардлыг төлөх.
19.26. Асрамжийн газарт асруулж байгаа асаргаа шаардлагатай үйлчлүүлэгчид эм, живх, ариун цэврийн болон эмнэлгийн туслах хэрэгслийн хувьсах зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно.
19.27. Энэ хуулийн 19.26-д заасан үйлчлүүлэгчийн тоо, түүнд асаргаа сувилгаа үзүүлэх ажилтны ажлын ачаалал зэргийг харгалзан цалин, урамшууллыг нэмэгдүүлэн олгож болно.
19.28. 18 насанд хүрэхээс өмнө 2-оос доошгүй жилийн хугацаанд асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхэд 18 насанд хүрч асрамжийн газраас гарсан бол 24 нас хүртэл нь байрны түрээс, амьжиргааны зардалд нийгмийн халамжийн сангаас дэмжлэг үзүүлнэ.