Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 8-р сарын 19 өдөр
Ulaanbaatar city
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ,  СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.. Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоо, түншлэл, санхүүжилт, уг харилцаанд оролцогчдын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “чадамжид суурилсан сургалт” гэж ажил, мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамж  эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;
3.1.2. “чадамж” гэж мэдлэг, ур чадвар, хандлагын цогцыг;
3.1.3. “чадамжийн нэгж” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшихэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүнийг;
3.1.4. “мэргэшил” гэж хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ахисан түвшний чадамжийг;
3.1.5. "мэргэшлийн түвшин" гэж ажил мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;
3.1.6. “мэргэжлийн сургалт” гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалтыг;
3.1.7. “мэргэжлийн боловсрол” гэж мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшинг;
3.1.8. “техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж эзэмших боловсролын түвшинг;
3.1.9. “мэргэшүүлэх сургалт” гэж иргэнийг мэргэжлийн чиглэлээр давтан сургах, мэргэшлийн түвшин ахиулах богино хугацааны сургалтыг;
3.1.10. ”хосмог сургалт” гэж сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд  сургалтыг хослуулан зохион байгуулахыг;
3.1.11. “өмнө эзэмшсэн мэдлэг” гэж иргэн албан бус боловсрол эсвэл амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, ур чадварыг.
4 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго
4 .1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь иргэн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, чадамж, мэргэжил эзэмших, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршино.
5 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд баримтлах зарчим
5 .1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаанд Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5 .1.1. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн байх
5 .1.2. шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан байх;
5 .1.3. сургалт нь уян хатан байх;
5 .1.4. нийгмийн түншлэлд суурилсан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН  АГУУЛГА, ХӨТӨЛБӨР, СТАНДАРТ
6 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга, хөтөлбөр
6.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга нь энэ хуулийн 4.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
6.2. Мэргэжлийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах чадамж, бие даан ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.3. Техникийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, техник, технологийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх чадамж, бие даан ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.4. Мэргэжлийн сургалтын агуулгыг суралцагчид мэргэшлийн түвшний ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах чиглэлээр тогтооно.
6.5. Мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгыг багц цагаар хэмжих ба багц цагийг дараагийн түвшний боловсролд тооцож дүйцүүлнэ.
6.6. Багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.7. Энэ хуулийн 6.2, 6.3, 6.4-д заасан агуулгыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
6.8. Сургалтын хөтөлбөрийг ажил олгогчийн оролцоог хангаж ажил, мэргэжлийн стандартад нийцүүлэн энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага боловсруулна.
6.9. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр нь ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсэгтэй байна.
6.10. Сургалтын байгууллага нь суралцагчийн ялгаатай хэрэгцээ, ур чадварын түвшинд харгалзан энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж болно.
6.11. Энэ хуулийн 6.7-д заасан сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.12. Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.13. Мэргэжлийн болон техникийн боловсролд ижил түвшний олон улсын болон хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
6.14. Энэ хуулийн 6.13-д заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрөл олгоно.
7 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт
7.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын стандарт нь Боловсролын тухай хуулийн 11.2-д зааснаас гадна мэргэжлийн болон техникийн боловсролын үнэлгээнд тавигдах шаардлагыг тодорхойлно.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.
8 дугаар зүйл. Үнэлгээ
8.1. Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.2. Хүний мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
9 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага
9.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь техникийн боловсролын, мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн түвшинтэй байна.
9.2. Техникийн боловсролын сургалтын байгууллага нь политехник коллеж байна.
9.3. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсролын сургууль байна.
9.4. Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төв байна.
9.5. Политехник коллеж нь мэргэжлийн боловсролын, мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.6. Мэргэжлийн боловсролын сургууль нь мэргэжлийн сургалтын болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9.7. Мэргэжлийн сургалтын төв нь мэргэжлийн анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтыг эрхэлнэ.
9.8. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг тухайн сургалтын байгууллагын дүрмээр тогтооно.
9.9. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хүн амын төвлөрөл, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн төрөлжүүлж болно.
9.10. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалт, үйлдвэрлэлийн цогцолбор, хотхоны зохион байгуулалттай байж болно.
9.11. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын нэгж нь тэнхим, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1-д заасан төв байна.
9.12. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь харьяандаа чадамжийн төв, салбар дундын дадлагын бааз, бизнес инкубатор төв, аж ахуйтай байж болно.
9.13. Техникийн боловсролын сургалтын байгууллага нь харьяандаа гарааны компанитай байж болно.
9.14. Энэ хуулийн 9.12-т заасан дадлагын баазад тавих нийтлэг шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.15. Энэ хуулийн 9.12-т заасан төв, бааз, аж ахуй нь өөрийн үйл ажиллагаанаас орлого олж болно.
9.16. Энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага нь суралцагчид сургалтад ашиглах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглуулна.
10 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг
10.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1. мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах;
10.1.2. элсэлт, төгсөлтийг чанартай зохион байгуулах;
10.1.3. байгууллагаар дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, судалгаа хийх;
10.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
10.1.5. албан бус боловсрол болон амьдралын орчноос хүний бие даан эзэмшсэн мэдлэг, ур чадвар чадамжийг үнэлэх;
10.1.6. өөрийн үйл ажиллагаанаас гадна Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан туслах үйл ажиллагаанаас орлого олох;
10.1.7. туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох өөрийн орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
10.1.8. гадаад, дотоодын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу гэрээ хэлэлцээр байгуулах;
10.1.9. иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшил болон ур чадвараа дээшлүүлэхэд туслах /дэмжлэх үзүүлэх/;
10.1.10. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сургалтын орчин бүрдүүлэх;
10.1.11. хуульд заасан бусад.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН  СУРГАЛТ, ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТ
11 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт
11.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт нь онолын, сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага гэсэн бүрэлдэхүүнтэй, сургалтын байгууллага болон ажлын байран дахь, хосмог, зайны болон цахим сургалтын хэлбэртэй байна.
11.2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаанд тавих шаардлага, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
11.3. Хосмог сургалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3 дахь заалтад үндэслэн зохион байгуулна.
11.4. Мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлийн жилийн эхлэх, дуусах үргэлжлэх хугацаа, зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч уян хатан зохицуулалт хийж болно.
11.5. Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
11.6. Мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд Боловсролын тухай хуулийн 17.2-д заасан орон нутаг дахь насан туршийн байгууллага хяналт тавьж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
11.7. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.6-д заасан байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
12 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын элсэлт, төгсөлт
12 .1. Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
12 .2. Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн эсхүл насанд хүрсэн хүнийг элсүүлнэ.
12 .3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 .4. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 12.7-д заасныг баримтална.
12 .5. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг энэ хуулийн  22.1-д заасан Үндэсний зөвлөл батална.
12 .6. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн төгсөлтийн нийтлэг журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 .7. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бие даан ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэхийг дэмжиж төрөөс  хөнгөлөлттэй зээл олгож болно.
12 .8. Энэ хуулийн 12.7-д заасан зээл олгох журмыг Засгийн газар батална.
13 дугаар зүйл. Боловсролын баримт бичиг
13.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг эзэмшсэн иргэнд дараах боловсролын баримт бичгийг олгоно:
13.1.1. мэргэжлийн сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ;
13.1.2. мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлийн үнэмлэх;
13.1.3. техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом.
13.2. Иргэний албан бус боловсрол, амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан боловсролын баримт бичгийг олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН  ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД
14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, түүнд тавих шаардлага
14.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуульд зааснаас гадна сургалтын байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд оролцох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.
14.2. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нь тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхтэй байна.
14.3. Техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн дээд түвшний чадамжтай, багшлах эрхтэй байна.
15 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг
15 .1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
15 .1.1. өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
15 .1.2. түншлэгч байгууллага, иргэн, ажил олгогчид зөвлөгөө өгөх;
15 .1.3. үйлдвэрлэлийн орчинд дадлага хийх;
15 .1.4. хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд ажиллах, сургалт зохион байгуулах;
15 .1.5. бусдад шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;
15 .1.6. ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлэх;
15 .1.7. ажил мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох.
15 .2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай  хуулийн 44.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
15 .2.1. инноваци, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;
15 .2.2. суралцагчийн мэдлэг, ур чадварыг оношилж, чадамжийн түвшинд үндэслэн сургалтыг уян хатан зохион байгуулах;
15 .2.3. сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нэгж хичээлийн төлөвлөлт хийх, дадлага сургалтын удирдамж боловсруулах, шинэчлэх, сургалтад ашиглах;
15 .2.4. суралцагчийг сургалтын явц, анги дэвших болон сургууль төгсөхөд нь тус тус үнэлэх;
15 .2.5. үйлдвэрлэлийн дадлагыг удирдах багш нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
15 .2.6. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3.4, 6.3.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх.
16 дугаар зүйл. Багш, ажилтны нийгмийн баталгаа
16 .1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаас гадна доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
16 .1.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
16 .1.2. мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно.
17 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг
17 .1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
17 .1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан орчинд суралцах
17 .1.2. сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, түүхий эд материалаар хангагдах;
17 .1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн  28.1.9-д заасан хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах;
17 .1.4. үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу цалин хөлсөөр хангагдах;
17 .1.5. хосмог болон ажлын байран дээрх сургалтад суралцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаас хэтрүүлэн ажиллахгүй байх.
17 .1.6. Боловсролын тухай хуулийн 11.4-т заасан тэтгэлэг авах;
17 .1.7. мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнд оролцох;
17 .1.8. сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох;
17 .1.9. хуульд заасан бусад.
17 .2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 10.2-т зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:
17 .2.1. сургалтын байгууллагын орчинд хийх дадлагын үед байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17 .2.2. мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах;
17 .2.3. үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;
17 .2.4. сургалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглалтын зааврын дагуу ашиглах;
17 .2.5. үйлдвэрлэлийн дадлагын явцад суралцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.5-д заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх
18 дугаар зүйл. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг
18.1. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.
18.2. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын тухайхуулийн 45.2-т зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:
18.2.1. хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;
18.2.2. ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;
18.2.3. хүүхдээ гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;
18.2.4. хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх
18.2.5. хууль тогтоомжид заасан бусад.
19 дүгаар зүйл. Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
19.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг сонирхогч талууд нийгмийн түншлэлийг бүрдүүлж зөвлөлийн хэлбэрээр дор дурдсан түвшинд ажиллана:
19.1.1. салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
19.1.2. орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод бүрдүүлэх;
19.1.3. сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагч бүрдүүлэх.
19.2. Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах эрхтэй:
19.2.1. сургалт, үнэлгээний стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, сайжруулах талаар санал өгөх;
19.2.2. үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулахад хамтран ажиллах;
19.2.3. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд төлөөлөл оролцуулах;
19.2.4. иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилтны мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, ур чадвар, чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах;
19.2.5. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийн талаар санал дүгнэлт гаргах;
19.2.6. иргэний хүсэл сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.
19.3. Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах чиг үүрэгтэй:
19.3.1. түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
19.3.2. түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
19.3.3. өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
19.3.4. мэргэжилтэй ажилтны тоо, мэргэжлийн чиглэл, ур чадвар, чадамжийн шаардлага, мэргэшлийн түвшин ахиулах сургалт, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээний хүсэлтийг төлөөллийн байгууллагаар дамжуулан боловсролын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх;
19.3.5. үйлдвэрлэлийн дадлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1, 63.2, 63.3 дугаар зүйлд заасан гурван талт гэрээ, дадлагын удирдамжийн дагуу зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, үр дүнг хамтран дүгнэх;
19.3.6. үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд удирдамж, хөтөлбөрт тусгасан чадамжийг эзэмшүүлэх, дадлагын явцад суралцагчийн оролцоог хангах, хуваарийн дагуу сургалтыг зохион байгуулах;
19.3.7. дадлага сургалтыг үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшаар удирдуулах;
19.3.8. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шаардлагатай орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын нөөцөөр хангахад дэмжлэг үзүүлэх;
19.3.9. үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэх дадлагажуулагч инженер-техникийн ажилтан ажиллуулах;
19.3.10. техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хийх, инновацийг сургалтын байгууллагатай хамтран хөгжүүлэх;
19.3.11. багш, инженер-техникийн ажилтны мэдлэг, чадварыг хөгжүүлэх, шинэ техник технологи дээр дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;
19.3.12. сургалтын байгууллагыг бэхжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, шинэчлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
19.3.13. дагалдан суралцагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалин хөлсийг олгох.
20 дугаар зүйл. Мэдээллийн сан
20.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн сан бий болгох, ашиглах, аюулгүй байдлыг хангах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.2. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ:
20.2.1. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны мэдээлэл;
20.2.2. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
20.2.3. түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН   УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
21 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын удирдлага
22 дугаар зүйл. Үндэсний зөвлөл, түүний чиг үүрэг
22.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тогтоол, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байна.
22.2. Үндэсний зөвлөл нь төрийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, ажил олгогчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
22.3. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг доор дурдсан байгууллагын санал болгосноор Засгийн газар батална:
22.3.1. төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн өмчийн болон хувийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөллийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн.
22.3.2. ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийг тэдний эрх ашгийг албан ёсоор төлөөлөх байгууллага
22.4. Үндэсний зөвлөлийн дарга нь Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна
22.5. Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална
22.6. Зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
22.7. Энэ хуулийн 30.3-д заасан дэмжих сангийн улирлын болон жилийн жилийн тайланг хянан хэлэлцэх.
22.8. Энэ хуулийн 22.1-д заасан Үндэсний зөвлөл ажлын албатай байх бөгөөд ажлын албаны чиг үүргийг Дээд боловсролын тухай хуулийн ...-д заасан Үндэсний зөвлөлийн ажлын алба гүйцэтгэнэ.
22.9. Энэ хуулийн 22.1-д Үндэсний зөвлөл доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.9.1. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;
22.9.2. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах;
22.9.3. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
22.9.4. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн тогтоох;
22.9.5. хуульд заасан бусад эрх.
23 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
23.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь боловсролын ерөнхий хуулийн 29.1-д зааснаас дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын ангиллыг тогтоох;
23.1.2. мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг Санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах;
23.1.3. хосмог сургалт, ажлын байран дахь сургалт зохион байгуулах журмыг боловсруулах, батлах;
23.1.4. хосмог сургалт, ажлын байран дахь сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох;
23.1.5. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлогоор хангах;
23.1.6. мэргэжлийн боловсрол, сургалтын тэргүүлэх болон нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг боловсруулж батлуулах;
24 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
24.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
24.1.2. мэргэжлийн зөвлөл, холбоод, салбар зөвлөлтэй хамтран ажиллах, түншлэлийг бэхжүүлэх;
24.1.3. гадаад улсын болон олон улсын ижил төрлийн сургалтын хөтөлбөрөөр төгсөгч, суралцагч Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцах тохиолдолд боловсролын баримт бичгийг дүйцүүлэх ажлыг зохион байгуулах;
24.1.4. мэргэжлийн сургалтын байгууллагыг арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх.
24.1.5. мэргэжлийн сургалтын төгсөгч, өмнө эзэмшсэн мэдлэг ур чадварын үнэлгээгээр чадамж нь баталгаажсан хүнд чадамжийн гэрчилгээ олгоно.
24.1.6. хуульд заасан бусад чиг үүрэг.
25 дугаар зүйл. Судалгаа, арга зүйн төв
25.1. Судалгаа арга зүйн төв нь Боловсролын тухай хуулийн 16.1-д заасан Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын харьяанд үйл ажиллагаа эрхлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1. тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө, мэдээллээр хангах;
25.1.2. сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах судалгаа хийх;
25.1.3. сургалтын агуулгын хүндрэлийн түвшинг тогтоох
25.1.4. хосмог, ажлын байран дахь, зайн болон цахим сургалтыг хөгжүүлэх;
25.1.5. иргэн, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагыг арга зүй удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
25.1.6. энэ хуулийн 7.1-д заасан стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
25.1.7. эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, инноваци хөгжүүлэх, онол практикийн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах;
25.1.8. судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сан бүрдүүлэх, шинэ бүтээлийг патентжуулахад дэмжлэг үзүүлэх;
25.1.9. мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, сунгах сургалт, үнэлгээг салбарын төлөөлөл мэргэжлийн зөвлөл, холбоодтой хамтран зохион байгуулах;
25.1.10. хууль тогтоомжид заасан бусад.
25.2. Энэ хуулийн 25.1-д заасан байгууллагын дүрэм, бүтэц орон тоог Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
26.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн нийтлэг дүрмийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан нийтлэг дүрмийг үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.
26.3. Цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.
26.4. Удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүсгэн байгуулагчийг төлөөлөх нэг, тухайн сургалтын байгууллагын хамт олныг төлөөлөх хоёр, түншлэгчийг төлөөлөх тав, төгсөгчийг төлөөлөх нэг гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
26.5. Удирдах зөвлөл нь дараах эрхтэй байна:
26.5.1. сургалтын, судалгаа шинжилгээний, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг тогтоох;
26.5.2. сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, сургалтын үр дүн, чанар гүйцэтгэлийг хэлэлцэх, дүгнэх.
26.6. Удирдах зөвлөл нь дараах үүрэгтэй байна:
26.6.1. сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургуулийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх, дүгнэх;
26.6.2. энэ хууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалттай холбоотой стандарт, заавар, дүрэм, журам, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
26.6.3. аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, түншлэлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
26.6.4. хандив, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, зарцуулалтад хяналт тавих.
27 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
27.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.
27.2. Захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
27.2.1. бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
27.2.2. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага эсхүл үйлдвэрлэлийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс тухайн салбарт сургалтын менежер, арга зүйч, тэнхимийн эрхлэгчээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх.
27.3. Энэ хуулийн 27.2.2-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд томилгоо хийхийг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд  Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
27.4. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн, удирдах ажилтны манлайлал, хариуцлага, ёс зүйтэй байдлыг харгалзан дахин нэг удаа улируулан томилж болно.
27.5. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын захирал дараах чиг үүрэгтэй:
27.5.1. сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
27.5.2. иргэний мэргэжил, ур чадвар эзэмших хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.3. нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих;
27.5.4. гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
27.5.5. батлагдсан төсөв, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг үр ашигтай зарцуулах;
27.5.6. хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
27.5.7. сургалтын төлөвлөгөө батлах;
27.5.8. төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах;
27.5.9. сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;
27.5.10. удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах;
27.5.11. холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан бусад үүрэг.

ДОЛДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН   ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ
28 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын санхүүжилт
28.1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зардлыг сургалтын үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
28.2. Нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардлыг төсөв, санхүүгийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28.3. Салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа Үндэсний зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.
28.4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.5. Үнэлгээ, арга зүйн асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааны орлого бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг боловсролын боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
28.6. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэнэ
29 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан
29.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын дэмжих сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн 29.2-т заасан журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
29.2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
29.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого нь Засгийн газрын тусгай сангийн хуульд зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
29.3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
29.3.2. бусад эх үүсвэр.
29.4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:
29.4.1. төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт;
29.4.2. төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын тогтмол зардал, суралцагчийн хоолны зардал;
29.4.3. өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн, техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг, бусад дэмжлэг;
29.4.4. нэг суралцагчид ногдох мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан дундаж норматив зардал;
29.4.5. багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт, мэргэшүүлэх сургалтын зардал;
29.4.6. мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний зардал;
29.4.7. энэ хуулийн 26.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны зардал
29.4.8. мэргэжлийн ур чадварын олон улсын хэмжээний тэмцээнд бэлтгэх, оролцох, урамшуулах зардал болон үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах зардал;
29.4.9. бусад зардал.
30 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн  орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах
30.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
30.2. Үндэсний зөвлөл мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсвийн төслийг жил бүрийн 07 дугаар сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.
30.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайлан тэнцлийг доор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний зөвлөлд тайлагнаж байна:
30.3.1. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын нэг дэх сарын 15-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;
30.3.2. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улирлын тайланг дараа улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний зөвлөлөөр хянан хэлэлцүүлэх.
30.4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН  БУСАД АСУУДАЛ
31 дүгээр зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
31.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
32 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
32.1. Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
33.1. Энэхүү хуулийг 202 … оны ... дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
33.2. Энэ хуулийн 14.3 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх