Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 5-р сарын 24 өдөр
Ulaanbaatar city
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж
2.1. Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:
3.1.1. Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа;
3.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа, эсхүл агаарын зайд нислэг үйлдэж байгаа иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа;
3.1.3. Гадаад улсын хуульд өөрөөр заагаагүй бол тухайн улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Монгол Улсын бүртгэлтэй, эсхүл Монгол Улсын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн үйл ажиллагаа.
3.1.4. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгээс бусад нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбоотой харилцаа.
4 дүгээр зүйл. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. “агаарын зай” гэж агаарын хөлөг хөөрөлт, буулт гүйцэтгэхэд шаардлагатай орон зайг багтаасан, нислэгийн нам өндрөөс хяналттай агаарын зайн дээд хязгаар хүртэлх нислэг үйлдэх зайг;
5.1.2. “агаарын навигацийн үйлчилгээ” гэж агаарын зайд үйлдэж байгаа нислэгийн бүх үе шатанд үзүүлэх нислэгийн хөдөлгөөний менежмент, холбоо, навигаци, ажиглалт, нисэхийн мэдээлэл, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах, тэдгээрийг багтаасан цогц үйл ажиллагаа;
5.1.3. “агаарын навигацийн байгууламж” гэж агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж байгаа барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг;
5.1.4. “агаарын тээвэрлэгч” гэж иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг;
5.1.5. “агаарын хөлөг” гэж агаар газрын гадаргуутай харилцан үйлчилснээс өөр, агаарын урсгалын харилцан үйлчлэлээр агаар мандалд хөөрөн нисэх чадвартай төхөөрөмжийг;
5.1.6. “аюулгүй байдлын зөвлөмж” гэж шинжлэн шалгах ажиллагааны үр дүнд, эсхүл аюулгүй байдлын талаар гаргасан судалгаа болон бусад эх үүсвэрийг үндэслэн агаарын хөлгийг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгийг;
5.1.7. “аюулгүйн үзлэг” гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсрэх бодис, эсхүл бусад аюултай хэрэгсэл, эд зүйлс болон бодисыг илрүүлэхэд чиглэсэн техникийн болон бусад арга хэрэгслээр хийх үзлэгийг;
5.1.8. “аэродром” гэж агаарын хөлгийн хөөрөлт, буулт болон гадаргуу дээрх хөдөлгөөнд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ашиглахад зориулсан газар, усан дээр тогтоосон талбай болон түүн дээрх барилга, байгууламж, тоног төхөөрөмжүүдийг;
5.1.9. “зөрчил” гэж агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болох, ослоос бусад эрсдэл бүхий тохиолдлыг;
5.1.10. “иргэний нисэхийн дүрэм” гэж Олон улсын иргэний нисэхийн тухай “Чикагогийн конвенц” /цаашид “Конвенц” гэх/, түүний Хавсралтад заасан стандартын суурь түвшинг хангах зорилгоор энэ хуульд нийцүүлэн гаргасан нисэхийн аюулгүй байдлыг зохицуулах баримт бичгийг;
5.1.11. “нислэг” гэж агаарын хөлөг зогсоолоос хөдлөхөөс эхлэн хөөрөх, нисэх, газарт бууж, хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх үйл явцыг;
5.1.12. “нислэгийн аюулгүй байдал” гэж нислэгийн үйл ажиллагаа болон түүнд хамаарах бусад үйл ажиллагааг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал болон чадварыг;
5.1.13. “нислэгт тэнцэх чадвар” гэж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг нислэгийн аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа төлөв байдлыг;
5.1.14. “нисэхийн аюулгүй байдал” гэж агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой, эсхүл түүнд шууд дэмжлэг үзүүлдэг нисэхийн үйл ажиллагаанд хамаарах эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд хадгалах ба удирдах нисэхийн байгууллага, эсхүл тогтолцооны төлөв байдлыг;
5.1.15. “нисэхийн аюулгүйн хамгаалалт” гэж хүний болон материаллаг нөөцийг хослуулах замаар хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах цогц үйл ажиллагааг;
5.1.16. “нисэхийн мэргэшсэн ажилтан” гэж иргэний нисэхийн дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ эзэмшигчийг;
5.1.17. "нисэхийн мэдээллийн эмхтгэл" гэж тухайн улсаас, эсхүл тухайн улсын зөвшөөрөлтэйгээр эрхлэн гаргадаг, нисэхийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай, тогтмол шинж чанартай мэдээллийг агуулсан хэвлэлийг.
5.1.18. “осол” гэж Чикагогийн конвенцын Хавсралт 13-т заасныг;
5.1.19. “шинжлэн шалгах” гэж агаарын хөлгийг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, осол, зөрчилд нөлөөлсөн хүчин зүйл бүрийг тогтоож, дүгнэлт, аюулгүй байдлын зөвлөмж гаргах үйл ажиллагааг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6.1. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.1. иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
6.1.2. иргэний нисэхийн тухай олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3. хуульд заасан бусад.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар иргэний нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, иргэний нисэхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
7.1.2. хууль тогтоомжид заасны дагуу агаарын харилцааны тухай олон улсын гэрээ байгуулах;
7.1.3. олон улсын гэрээ, хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн аюулгүй байдлын, нисэхийн аюулгүйн хамгаалалтын болон агаарын тээврийг хялбаршуулах журмыг батлах;
7.1.4. олон улсын нисэх буудал байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэх;
7.1.5. иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг томилох, чөлөөлөх;
7.1.6. хуульд заасан бусад.
8 дугаар зүйл. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
8.1.2. иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах;
8.1.3. иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангуулах;
8.1.4. иргэний нисэхийн дүрмийг батлах;
8.1.5. иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих;
8.1.6. олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
8.1.7. Монгол Улсын агаарын хилээр агаарын хөлөг нэвтрэн орох, гарах цэгийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох;
8.1.8. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны дүрмийг батлах;
8.1.9. иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны бүтцийг батлах;
8.1.10. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны дарга бөгөөд ерөнхий шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
8.1.11. шаардлагатай гэж үзвэл гадаад улсын агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэх, эсхүл тухайн байгууллагад хэсэгчлэн, эсхүл бүрэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
8.1.12. агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох;
8.1.13. иргэний нисэхийн хяналтын Улсын ерөнхий байцаагч, хяналтын байцаагчийн эрх олгох;
8.1.14. хуульд заасан бусад.
9 дүгээр зүйл. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг
9.1. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.
9.2. Төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.2.1. Конвенц, түүний Хавсралтад нийцүүлэн иргэний нисэхийн дүрэм боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
9.2.2. хэлэлцэн тохирогч улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл харилцан солилцох;
9.2.3. иргэний нисэхийн дүрэм болон Конвенцын Хавсралтад заасан стандарт, журмын зөрүүтэй байдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдээлэх;
9.2.4. иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой өгөгдөл, мэдээлэл цуглуулах, бэлтгэх, солилцох, түгээх, хадгалалт хамгаалалтыг хариуцаж, уг асуудлаар бусад этгээдтэй хамтран ажиллах;
9.2.5. иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, иргэний нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл олгох;
9.3. төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүүгийн чадавхитай байна.
10 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын дарга, түүний бүрэн эрх
10.1. Төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд иргэний нисэхийн хяналтын Улсын ерөнхий байцаагч /цаашид “Дарга” гэх/ иргэний нисэхийн мэргэжлийн дээд боловсролтой, тухайн салбарт 15-аас доошгүй жил ажилласан, иргэний нисэхийн хяналтын байцаагчид тавих шаардлагыг хангасан, Монгол Улсын иргэн байна.
10.2. Дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1. иргэний нисэхийн аюулгүй байдлыг хариуцах;
10.2.2. иргэний нисэхийн хяналтын байцаагчийг томилох, чөлөөлөх;
10.2.3. иргэний нисэхийн дүрмийн тайлбар, хүсэлт гаргах маягт, бүртгэлийн дэвтэр, техник, технологийн баримт бичгийг батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах;
10.2.4. аюулгүй байдлын зөвлөмжийг үндэслэн агаарын хөлгийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
10.2.5. нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц иргэний нисэхийн дүрмээр зохицуулагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргаж, мэдээлэх;
10.2.6. нислэгт тэнцэх чадвараа алдсан агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
10.2.7. хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тохиолдолд нислэгийг зогсоох арга хэмжээг авах;
10.2.8. хууль болон албадан хэрэгжүүлэх дүрмийн дагуу хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах;
10.2.9. аюулгүйн үзлэг, хамгаалалт шаардлагатай нисэх буудал болон агаарын навигацийн байгууламжийн жагсаалтыг батлах;
10.2.10. энэ хуульд заасны дагуу иргэний нисэхийн дүрмийн шаардлагаас чөлөөлөх;
10.2.11. хуульд заасан бусад.
11 дүгээр зүйл. Эрх шилжүүлэх
11.1. Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын үзлэг шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон иргэний нисэхийн мэргэшсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлж болно.
11.2. Дарга эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11.3. Эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗОХИЦУУЛАЛТ
12 дугаар зүйл. Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт
12.1. Дараах үйл ажиллагааг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна.
12.1.1. Иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны тайлбар;
12.1.2. осол, зөрчлийг мэдээлэх болон албадан хэрэгжүүлэх, дүрэмд заасан шаардлагаас чөлөөлөх;
12.1.3. агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд анги, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын удирдамж болон техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.4. иргэний нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт;
12.1.5. агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт;
12.1.6. нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм;
12.1.7. аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны нийтлэг зохицуулалт;
12.1.8. хүнгүй агаарын хөлөг, аргамжаат шүхэр болон хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт;
12.1.9. агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр;
12.1.10. агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.11. том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт;
12.1.12. нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт;
12.1.13. аэродром байгуулах болон аэродромын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт;
12.1.14. нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.15. нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.16. агаарын хөлөг зохион бүтээх, үйлдвэрлэх, техник үйлчилгээ хийх байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.17. шүхэр, хэт хөнгөн агаарын хөлөг болон нисэх клубийн гэрчилгээжүүлэлт;
12.1.18. агаарын навигацийн техник үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт;
12.1.19. иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт;
12.1.20. олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах бусад дүрэм.
12.2. Иргэний нисэхийн дүрэмд Конвенцын Хавсралтад нийцүүлэн шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулна.
12.3. Дүрмээр хориглоогүй бөгөөд дараах нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хүсэлт гаргагчийг иргэний нисэхийн дүрэмд заасан шаардлагаас чөлөөлж болно:
12.3.1. хүлээн зөвшөөрч болохуйц өөр хэлбэрээр дүрмийн шаардлагыг хангасан, эсхүл санал болгосон арга хэмжээ нь дүрмийн тухайн заалтыг хэрэгжүүлэхээс илүү үр дүнтэй бай;
12.3.2. нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй болох нь тогтоогдсон.
12.4. Иргэний нисэхийн дүрэмд заасан шаардлагаас чөлөөлсөн тухай шийдвэрийг нийтэд мэдээлнэ.
12.5. Дүрэмд заасан шаардлагаас чөлөөлөхдөө энэ хуулийн 12.1.2-т заасан дүрмийг баримтална.
12.6. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэний нисэхийн дүрмийн дагуу олгоно.
13 дугаар зүйл. Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт
13.1. Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалтад хамаарах дараах харилцааг энэ хуулийн 12.1.19-д заасан дүрмээр зохицуулна:
13.1.1. олон улсын хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох;
13.1.2. иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээг тогтоох;
13.1.3. зорчигч, тээш, ачаа тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл;
13.1.4. агаарын тээвэрлэгчийн даатгал;
13.1.5. иргэний нисэхийн статистикийн мэдээлэл цуглуулах, түгээх;
13.1.6. иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн тооцоо хийх;
13.1.7. агаарын навигаци, нисэх буудал болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалт, аюулгүй байдлыг хангах санхүүгийн чадавхид үнэлгээ хийх аргачлал;
13.1.8. хуульд заасан бусад.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйл. Агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэл
14.1. Төрийн захиргааны байгууллага Монгол Улсад бүртгэх агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
14.2. Хүн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эсхүл эзэмшилд байгаа, бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг иргэний нисэхийн дүрмийн дагуу Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
14.3. Бүртгэлгүй агаарын хөлгөөр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхийг хориглоно.
14.4. Энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
14.5. Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ тухайн агаарын хөлгийн үндэсний харьяаллыг гэрчлэх бөгөөд агаарын хөлгийн өмчлөлийг нотлохгүй.
15 дугаар зүйл. Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар
15.1. Төрийн захиргааны байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн маягийн гэрчилгээтэй агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглана.
15.2. Маягийн гэрчилгээний шаардлага болон үзлэг, шалгалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангасан агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоно.
15.3. Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.
15.4. Энэ хуулийн 15.1-д заасан “маягийн гэрчилгээ” гэж тухайн агаарын хөлгийн хийц нислэгт тэнцэх чадварын холбогдох шаардлагад нийцэж байгааг Хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллагаас тодорхойлж олгосон баримт бичгийг ойлгоно.
15.5. Маягийн гэрчилгээгүй агаарын хөлөгт арилжааны нислэгийн зөвшөөрөл олгохгүй.
16 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагааны төрөл
16.1. Нислэгийн үйл ажиллагаа нь арилжааны агаарын тээвэр, агаараас гүйцэтгэх ажил, ерөнхий зориулалтын нислэг гэсэн төрөлтэй байна.
16.1.1. арилжааны агаарын тээврийн төрөлд зорчигч, ачаа, шууданг төлбөртэй тээвэрлэх, эсхүл эдийн засгийн үр шим хүртэх зорилгоор гүйцэтгэх нислэг хамаарна.
16.1.2. Агаараас гүйцэтгэх ажил гэдэгт агаарын хөлгөөр хөдөө аж ахуй ажил гүйцэтгэх, зураг авах, судалгаа, ажиглалт, эргүүл хийх, эрэн хайх, авран туслах, зар сурталчилгаа хийх болон нислэгээр гүйцэтгэх бусад ажил, үйлчилгээ хамаарна.
16.1.3. арилжааны агаарын тээвэр болон агаараас гүйцэтгэх ажлаас бусад төрлийн нислэг ерөнхий зориулалтын нислэгт хамаарна.
17 дугаар зүйл. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
17.1. Төрийн захиргааны байгууллага нь энэ хууль болон иргэний нисэхийн холбогдох дүрэмд заасан шаардлага хангасан Монгол Улсын хуулийн этгээдэд агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгоно.
17.2. Томилогдсон гадаадын агаарын тээвэрлэгч энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг хангасан бол түүнд гадаадын агаарын тээвэрлэгчийн Монгол Улсын гэрчилгээ олгож болно.
17.3. Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.
18 дугаар зүйл. Агаарын тээвэрлэгчийн үүрэг
18.1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа агаарын тээвэрлэгч дараах үүрэгтэй:
18.1.1. нислэгийн үйл ажиллагааг гэрчилгээ болон түүнд заасан эрх, хязгаарлалтын хүрээнд гүйцэтгэх;
18.1.2. агаарын хөлөг үйлдвэрлэгчийн нислэгийн үйл ажиллагааны болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан заавар, журам боловсруулж, мөрдөх;
18.1.3. нийтийн ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэх.
19 дүгээр зүйл. Агаарын хөлгийн дарга, түүний бүрэн эрх
19.1. Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай үнэмлэх, гэрчилгээ бүхий нисгэгчийг агаарын хөлгийн даргаар томилно.
19.2. Агаарын хөлгийн дарга нислэгийн аюулгүй байдлыг хангах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нисгэх багийн гишүүд болон зорчигчид шаардлага тавьж, биелэлтийг хангуулах бөгөөд нислэгтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргана.
19.3. Агаарын хөлгийн дарга дараах онцгой нөхцөлд иргэний нисэхийн дүрэмд зааснаас өөр шийдвэр гаргах эрхтэй:
19.3.1. хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул тулгарсан;
19.3.2. өөрөөр шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг зохицуулах шаардлагатай болсон.
19.4. Агаарын хөлгийн дарга Нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан тохиолдолд агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний удирдагчийн өгснөөс өөр шийдвэр гаргаж болно.
19.5. Агаарын хөлгийн дарга хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор эмнэлгийн болон бусад яаралтай тусламж хүргэх нислэгийг энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчин гүйцэтгэж болно.
19.6. Гадаад улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга албадан саатуулагдах нөхцөл байдалд орсон тохиолдолд тухайн улсын эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.
20 дугаар зүйл. Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа
20.1. Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа нь чөлөөт нисэх, нисэх клуб болон хувийн нисэхийн үйл ажиллагаанаас бүрдэнэ.
20.2. Чөлөөт нисэхэд шүхэр, агаарын бөмбөлөг, хүнгүй, хэт хөнгөн, хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа хамаарна.
20.3. Чөлөөт нисэх, нисэх клуб, хувийн нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч хариуцна.
20.4. Нисэх клуб болон хувийн нисэхийн үйл ажиллагааг зардал хуваах хэлбэрээр гүйцэтгэж болно.
20.5. Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд иргэний нисэхийн дүрмээс гадуур хязгаарлалт тогтоохыг хориглоно.
21дүгээр зүйл. Нислэгийн үеийн дэг журам
21.1. Зорчигч нь багийн гишүүдээс өгсөн зааварчилгааг нислэгийн туршид дагаж мөрдөх үүрэгтэй.
21.2. Багийн гишүүн нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээ авна.
21.3. Нислэгийн дэг журам зөрчсөн зорчигчид авах арга хэмжээний журмыг иргэний нисэхийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
21.4. Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц дэг журам зөрчсөн, зөрчиж байсан зорчигчийг тээвэрлэхээс татгалзаж болно.
22 дугаар зүйл. Нислэгийн үйл ажиллагаанд хориглох зүйл
22.1. Нислэгийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
22.1.1. нислэгт тэнцэх чадварын шаардлага хангаагүй агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийг нислэгийн үйл ажиллагаанд ашиглах;
22.1.2. нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ нь хүчингүй болсон, эсхүл гэрчилгээний эрх, хязгаарлалтыг зөрчсөн үйл ажиллагаа эрхлэх;
22.1.3. агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгүй, эсхүл энэ хууль болон иргэний нисэхийн дүрмийг зөрчиж нислэгийн үйл ажиллагаа эрхлэх;
22.1.4. агаарын хөлөгт гарал үүсэл тодорхойгүй, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй эд анги ашиглах;
22.1.5. гэрчилгээнд заасан эрх, хязгаарлалтыг зөрчиж агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэгт техник үйлчилгээ хийх;
22.1.6. агаарын хөлөгтэй холбоотой ажил, үйлчилгээнд нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээгүй этгээдийг ажиллуулах, гэрчилгээнд заасан эрхээс хэтэрсэн ажил үүрэг гүйцэтгүүлэх;
22.1.7. нисгэх багийн гишүүдээс бусад этгээд агаарын хөлгийн даргын зөвшөөрөлгүйгээр нисгэх багийн бүхээгт нэвтрэх;
22.1.8. бүрэн бус бүрэлдэхүүнтэй нисгэх баг нислэг үйлдэх.
23 дугаар зүйл. Зөрчил гаргасан агаарын хөлөг
23.1. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийн орох, гарах цэгээр нэвтрэн өнгөрөх журмыг зөрчих, эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн агаарын хөлгийг зөрчил гаргасан агаарын хөлөг гэж үзнэ.
23.2. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага энэ хуулийн 23.1-д заасан агаарын хөлгийн талаар Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах эрх бүхий байгууллагад мэдэгдэж, агаарын хөлгийн нисгэх багт зөрчлөө нэн даруй зогсоох, заасан газарт хөлгийг буулгах шаардлага тавина.
23.3. Агаарын хөлгийг абадан саатуулахад зэвсэг хэрэглэхийг хориглоно.
24 дүгээр зүйл. Аюул тулгарсан агаарын хөлөг
24.1. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэнэ.
24.2. Улсын онцгой комисс аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг Чикагогийн конвенцын 25 дугаар зүйлийн дагуу тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл бүртгэгч улсын эрх бүхий байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
24.3. Хүн, хуулийн этгээд нь аюул тулгарсан агаарын хөлгийн талаар холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эмнэлгийн болон бусад зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлэх үүрэгтэй.
25 дугаар зүйл. Агаарын тээврийн даатгал
25.1. Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, шуудан, эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулах хариуцлагын даатгалд даатгуулсан байна.
25.2. Агаарын тээвэрлэгч албан үүргээ гүйцэтгэж байгаа багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулна.
25.3. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөг гуравдагч этгээдэд учрах хохирлыг хариуцах баталгаа бүхий даатгалд даатгуулсан байна.
25.4. Энэ хуулийн 25.1, 25.2, 25.3-т заасан даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтоох, даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журмыг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
26 дугаар зүйл. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага
26.1. Монгол Улсын агаарын зайн агаарын навигацийн үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд /цаашид “агаарын навигацийн үйлчилгээний байгууллага” гэх/ үзүүлнэ.
26.2. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь нислэгийн хөдөлгөөнийг аюулгүй, үр ашигтай удирдан, зохион байгуулахад чиглэсэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
26.3. Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь энэ хуулийн 26.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадамж бүхий хүний нөөцтэй байна.
27 дугаар зүйл. Нислэгийн хөдөлгөөний зохицуулалт
27.1. Агаарын хөлөг нь Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтэрч, нислэг үйлдэнэ.
27.2. Агаарын зайн ангилал, бүтэц, зохион байгуулалт, агаарын хөлгийн хоорондын аюулгүйн зайчлал нь Конвенцын Хавсралтын стандарт, журмын шаардлагад нийцсэн байна.
27.3. Нислэгийн хөдөлгөөний хяналттай агаарын зай нь нислэгийн аюулгүй байдал, Конвенцын Хавсралтын стандарт, журмын шаардлагад нийцсэн агаарын навигацийн байгууламжаар тоноглогдсон байна.
28 дугаар зүйл. Агаарын навигацийн үйл ажиллагааны санхүүжилт
28.1. Агаарын навигацийн үйл ажиллагааг агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогоор санхүүжүүлнэ.
28.2. Агаарын навигацийн үйлчилгээний орлогоос жил бүрийн төсвийн тухай хуульд заасан дүнгээр, хуульд заасан хугацаанд улсын төсөвт төвлөрүүлнэ.
28.3. Агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого нь агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, Конвенцын Хавсралтын стандартын суурь түвшнийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээгээр улсын төсвөөс санхүүжүүлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АЭРОДРОМ, НИСЭХ БУУДАЛ
29 дүгээр зүйл. Аэродром
29.1. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд иргэний нисэхийн дүрмийн дагуу аэродром байгуулна.
29.2. Агаарын тээврийн үйл ажиллагаанд тогтмол ашиглах аэродромд иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээ олгоно.
29.3. Нийтэд үйлчлэх аэродром нь нислэгийн аюулгүй байдлыг зайлшгүй хангах шаардлагатайгаас бусад тохиолдолд агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.
29.4. Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродромыг Конвенцын Хавсралтын стандартын суурь түвшинд нийцсэн, үйл ажиллагаанд нь тохирсон төхөөрөмжөөр тоноглох үүрэгтэй.
30 дугаар зүйл. Нисэх буудал
30.1. Нисэх буудал гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолборыг ойлгоно.
30.2. Нисэх буудал нь олон улсын болон орон нутгийн нислэгт аэродром, нисэхийн хангамж, газрын үйлчилгээ болон бусад нисэхийн ба нисэхийн бус үйлчилгээ үзүүлж болно.
30.3. Аэродромын гэрчилгээ эзэмшигч нь нисэх буудлыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн хот, аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн төлөвлөнө.
31 дүгээр зүйл. Аэродромын аюулгүйн бүс
31.1. Аэродромын аюулгүйн бүсийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
31.2. Аэродромын аюулгүйн бүсэд эрхлэх нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилга байгууламжийн хязгаарлалтыг аэродромын техник технологийн баримт бичигт зааснаар зохицуулна.
32 дугаар зүйл. Дохио, тэмдэг
32.1. Аэродромын үйл ажиллагаа эрхлэгч нь аэродром болон түүний орчимд агаарын хөлөг хөөрөх, буух, явгалах үед агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан аэродромын тэмдэг, тэмдэгт, тэмдэглэгээ, гэрэл дохионы системийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулж, ашиглана.
32.2. Аэродромын аюулгүйн бүс дэх барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай саадын дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгтийг аэродромын техник, технологийн баримт бичигт заасны дагуу байрлуулна.
32.3. Аэродромын аюулгүйн бүсэд агаарын хөлгийн чиг баримжаа тогтооход зориулсан дохио, тэмдэг, тэмдэглэгээ, тэмдэгттэй ижил төстэй зүйл байрлуулахыг хориглоно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ
33 дугаар зүйл. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ
33.1. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь аюулгүйн үзлэг, шалгалт болон нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээнээс бүрдэнэ.
33.2. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ.
33.3. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын байгууллага нь аюулгүйн хамгаалалттай холбоотой хууль, дүрмийг зөрчсөн этгээдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх зорилгоор түр саатуулах эрхтэй.
33.4. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь үзлэг, шалгалтаар илэрсэн зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг хураан авах, эсхүл саатуулна.
34 дүгээр зүйл. Аюулгүйн үзлэг, шалгалт
34.1. Нисэхийн аюулгүйн хамгаалалтын байгууллага нь дараах үзлэг, шалгалтыг хийнэ:
34.1.1. аюулгүйн хамгаалалт шаардлагатай нисэх буудал, аэродромд нисгэх багийн гишүүн, зорчигч, нэвтрэн орох бусад этгээд, тээш, ачаа, шуудан, нислэгийн хоол хүнс болон хангамжийн эд зүйлд;
34.1.2. аюулгүйн өндөржүүлсэн хамгаалалттай бүсэд болон түүнд нэвтрэхээс өмнө хүн, тэдгээрийн авч яваа эд зүйл, тээврийн хэрэгсэлд.
34.2. Аюулгүйн үзлэг, шалгалт хийлгэхээс татгалзсан этгээдийг нисэхийн аюулгүйн хамгаалалттай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ
35 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналт
35.1. Иргэний нисэхийн хяналт нь нислэгийн аюулгүй байдлын болон иргэний нисэхийн үйлчилгээнд тавих хяналтаас бүрдэнэ.
35.1.1. Нислэгийн аюулгүй байдлын хяналт дараах чиглэлтэй байна:
35.1.1.1. нисэхийн мэргэшсэн ажилтны үнэмлэх, гэрчилгээжүүлэлт;
35.1.1.2. нислэгийн үйл ажиллагааны стандарт;
35.1.1.3. нислэгт тэнцэх чадвар.
35.1.2. Иргэний нисэхийн үйлчилгээний хяналт дараах чиглэлтэй байна:
35.1.2.1. агаарын навигацийн үйлчилгээ;
35.1.2.2. нисэх буудал, аэродромын үйлчилгээ;
35.1.2.3. аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ.
36 дугаар зүйл. Иргэний нисэхийн хяналтын байцаагч
36.1. Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан хяналтыг иргэний нисэхийн хяналтын байцаагч /цаашид “байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ.
36.2. Байцаагч нь тухайн хяналтын чиглэлээр 7-оос доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын зохих мэдлэг, ур чадвартай байна.
36.3. Байцаагч өөрийн гаргасан шаардлага, нотолгоо, шийдвэр, дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
37 дугаар зүйл. Байцаагчийн бүрэн эрх
37.1. Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:
37.1.1. үзлэг шалгалт хийх зорилгоор иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой обьект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
37.1.2. иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;
37.1.3. шаардлагатай тохиолдолд агаарын хөлгийг саатуулах;
37.1.4. шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдийн иргэний нисэхийн баримт бичгийг түр хураах;
37.1.5. хуульд заасан бусад.
38 дугаар зүйл. хуульд заасан бусад.
38.1. Байцаагчийн цалингийн хэмжээг иргэний нисэхийн салбарын адилтгах бусад албан тушаалын цалингаас багагүйгээр тогтооно.
38.2. Байцаагч нь түүний эрхийг тодорхой заасан үнэмлэхтэй байна.
38.3. Байцаагч нь дүрэмт хувцас болон үзлэг шалгалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр хангагдсан байна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
АГААРЫН ХӨЛГИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ
39 дүгээр зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа
39.1. Агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч, агаарын хөлгийн дарга, нисгэх багийн гишүүн, аэродром болон агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ажилтан нь агаарын хөлгийн осол, зөрчлийн талаарх анхан шатны мэдээллийг нэн даруй, боломжит хэлбэрээр өгөх, дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох дүрэмд заасны дагуу өгөх үүрэгтэй.
39.2. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авмагц шинжлэн шалгах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ.
39.3. Агаарын хөлөг эзэмшигч болон холбогдох бусад этгээд осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл хадгалж, хамгаална.
39.4. Иргэн, нутгийн захиргааны байгууллага, онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр агаарын хөлгийн осол, зөрчил гарсан үед шинжлэн шалгах байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай туслалцааг цаг тухайд нь үзүүлэх үүрэгтэй.
40 дүгээр зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны зарчим
40.1. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ба аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгогүй байна.
40.2. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь хараат бус, бие даасан байна.
40.3. Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжлэн шалгах ажиллагааг агаарын хөлөг бүртгэгч улс, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгогч улс, агаарын хөлөг үйлдвэрлэгч улс, бүс нутгийн нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад хэсэгчлэн болон бүрэн шилжүүлж болно.
41 дүгээр зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага
41.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын Хавсралт 13-ын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.
41.2. Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг тус улсын нутаг дэвсгэрийн гадна осол, ноцтой зөрчилд өртсөн үед шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээний дагуу гүйцэтгэх ба Монгол Улсын нэрийн өмнөөс агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага оролцож болно.
41.3. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргана.
41.4. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.
41.5. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгагчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгоор захиргааны болон иргэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд гэрчээр оролцуулахыг хориглоно.
41.6. Энэ хуульд заасан шинжлэн шалгах ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй.
41.7. Шинжлэн шалгах багийг осол, зөрчил гарсан газарт ажиллахад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, холбооны болон тээврийн хэрэгслээр хангасан байна.
42 дугаар зүйл. Ерөнхий шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
42.1. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагыг Ерөнхий шинжлэн шалгагч удирдана.
42.2. Ерөнхий шинжлэн шалгагч нь шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн, холбогдох хууль, иргэний нисэхийн дүрэм, заавар, иргэний нисэхийн олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй, Монгол Улсын иргэн байна.
42.3. Ерөнхий шинжлэн шалгагч шинжлэн шалгагчийг 6 жилийн хугацаагаар томилно.
42.4. Ерөнхий шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
42.4.1. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагын ажилтан, шинжлэн шалгагчийг томилох, чөлөөлөх;
42.4.2. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах багийн ахлагч болон гишүүдийг томилох;
42.4.3. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;
42.4.4. ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
42.4.5. шинжлэн шалгах ажиллагааны тайланг батлах;
42.4.6. агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
42.4.7. шинжлэн шалгах ажиллагаанд мөрдөх дотоод үйл ажиллагааны заавар, журмыг батлах.
43 дугаар зүйл. Шинжлэн шалгагч, түүний бүрэн эрх
43.1. Шинжлэн шалгагч нь агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй нисгэгч, агаарын навигацийн болон агаарын хөлгийн инженер, эсхүл шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн нисэхийн бусад мэргэжилтэй байна.
43.2. Шинжлэн шалгагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
43.2.1. албан үүргээ гүйцэтгэхдээ агаарын хөлгийн осол, зөрчилтэй холбоотой барилга байгууламжид ямар ч үед саадгүй нэвтрэх, холбогдох нотлох баримтыг гаргуулах;
43.2.2. шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хүн, хуулийн этгээдээс шаардан авах;
43.2.3. ерөнхий шинжлэн шалгагчаас олгосон бусад эрх.
44 дүгээр зүйл. Шинжлэн шалгах багийн ахлагч, түүний бүрэн эрх
44.1. Шинжлэн шалгах багийн ахлагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
44.1.1. агаарын хөлгийн осол, зөрчил болсон газарт ямар ч үед саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, бүх төрлийн эд зүйлст хяналтаа тогтоох;
44.1.2. нислэгийн бичлэгийн төхөөрөмж, тухайн нислэгийн үйл ажиллагаатай холбоотой агаарын навигацийн үйлчилгээний бичлэг, бусад нотлох баримтыг өөрийн хяналтад авах;
44.1.3. шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйл үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;
44.1.4. ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
44.1.5. шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;
44.1.6. шинжлэн шалгах ажиллагааны явцыг ерөнхий шинжлэн шалгагчид танилцуулах, ослын боломжит шалтгаан, нөлөөлсөн байж болох хүчин зүйлд тулгуурлан аюулгүй байдлын зөвлөмж гаргах ажиллагааг зохион байгуулах;
44.1.7. ослын газрын хамгаалалтыг буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;
44.1.8. шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах;
44.1.9. хуульд заасан бусад.
45 дугаар зүйл. Шинжлэн шалгах ажиллагааны тайлан
45.1. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба тайланг гаргахаас өмнө шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай байгууллага, хамтран оролцсон улс болон эрх бүхий байгууллагад тайлангийн төслийг хүргүүлж, саналыг нь авсан байна.
45.2. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба тайланг боломжит богино хугацаанд гаргаж, ерөнхий шинжлэн шалгагчид хүргүүлж батлуулах бөгөөд баталсан тайланг нийтэд нээлттэй мэдээлнэ.
45.3. Агаарын хөлгийн осол, зөрчлийн шинжлэн шалгах ажиллагааны тайлан болон аюулгүй байдлын зөвлөмжийг аливаа этгээдийн гэм бурууг тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд нотлох баримтаар ашиглахгүй.
46 дугаар зүйл. Аюулгүй байдлын зөвлөмж
46.1. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааны аль ч үе шатанд аюулгүй байдлын зөвлөмж гаргаж болно.
46.2. Аюулгүй байдлын зөвлөмжийг агаарын хөлөг үйлдвэрлэгч, төрийн захиргааны байгууллага, агаарын тээвэрлэгч болон бусад холбогдох байгууллагад, шаардлагатай бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хүргүүлнэ.
46.3. Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй бол үндэслэл бүхий тайлбарыг гаргаж хүргүүлнэ.
46.4. Энэ хуулийн 46.3-т заасан этгээд аюулгүй байдлын зөвлөмжийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бодит үндэслэл байгаа бол тайлбарыг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад нэн даруй хүргүүлнэ.
46.5. Аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээн авсан этгээд зөвлөмжийг үндэслэлтэй гэж үзвэл хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 90 хоногийн дотор эргэж мэдэгдэх үүрэгтэй.
47 дугаар зүйл. Шинжлэн шалгах ажиллагааг сэргээх
47.1. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны эцсийн тайлан гарсны дараа тайлангийн дүгнэлтийг өөрчилж болох баримт, нөхцөл байдал шинээр илэрсэн бол агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага шинжлэн шалгах ажиллагааг сэргээнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
48 дугаар зүйл. Үйл ажиллагааны санхүүжилт
48.1. Иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа нь олон улсын гэрээний хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн чадавхитай байна.
49 дүгээр зүйл. Иргэний нисэхэд ашиглах хэл
49.1. Иргэний нисэхэд ашиглах техник, технологийн баримт бичгийг монгол, англи хэл дээр хэрэглэж болно.
49.2. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг англи хэл дээр үзүүлж болно.
50 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай болон холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд үйлдлийн шинж чанараас хамааран Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
51 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
51.1. Энэ хуулийг 20... оны .... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх