24.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
24.1.1. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
24.1.2. компанийн үйл ажиллагаа хамаарах салбарын болон санхүүгийн мэдлэг, туршлагатай, тухайн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, хууль, санхүү, аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, эсхүл тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн;
24.1.3. сүүлийн хоёр жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
24.1.4. эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болж дампуурсан нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
24.1.5. эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийг хүчингүй болгосон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
24.1.6. доор дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд биш байх:
24.1.6.а. тухайн компанийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн тав болон түүнээс дээш хувийг өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй дангаараа болон хамтран эзэмшигч;
24.1.6.б. тухайн компанитай адил салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх бүхий албан тушаалтан;
24.1.6.в. төрийн болон орон нутгийн өмчит компанийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах байдлаар компанитай их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн эрх бүхий албан тушаалтан;
24.1.6.г. төрийн болон орон нутгийн өмчит компанийн төрийн болон орон нутгийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчтэй хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой.
24.1.7. Компанийн тухай хуулийн 75.8-д заасан шаардлагыг хангасан байх;
24.1.8. компанийн дүрэмд заасан бусад шаардлага.
24.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг компани нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани бол энэ хуулийн 24.1.6.б-д заасан нөхцөл хамаарахгүй.
24.3. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн гүйцэтгэх захирал тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болохгүй.
24.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байна.
24.5. Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь төрийн захиргааны албан хаагч байна.
24.6. Энэ хуулийн 24.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хараат бус гишүүн байна.
24.7. Энэ хуулийн 37.7-д заасан шалгуураас доош үзүүлэлттэй, эсхүл нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарын төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл таваас илүүгүй сондгой тооны гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр хүртэлх гишүүн нь төрийн захиргааны албан хаагч, хоёроос доошгүй нь мэргэжлийн хараат бус гишүүн байж болно.
24.8. Энэ хуулийн 24.5, 24.6, 24.7-д зааснаас бусад төрийн болон орон нутгийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээс томилсон этгээд байна.
24.9. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч энэ хуулийн 24.1-д заасан шаардлагыг хангаагүй этгээдийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, томилуулахаар нэр дэвшүүлэх, эсхүл дэмжиж санал өгөхийг хориглоно.