5.1. Факторинг нь буцаан дуудах нөхцөлтэй /баталгаатай/, буцаан дуудах нөхцөлгүй /баталгаагүй/, урвуу факторинг зэрэг хуулиар хориглоогүй бусад төрөлтэй байж болно.
5.2. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн үед факторингийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч авлагыг хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
5.3. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөх хугацаа нь болсон авлагыг төлж барагдуулахыг факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
5.4. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч авлагатай холбоотой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө хариуцаж, ийнхүү гүйцэтгэсэн даруй факторингийн үйлчилгээ эрхлэгч нь шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид буцаан шилжүүлнэ.
5.5. Факторингийн гэрээнд буцаан дуудах нөхцөлийг тодорхой заагаагүй бол энэ хуулийн 5.6-д заасан буцаан дуудах нөхцөлгүй факторинг гэж үзнэ.
5.6. Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн үед гэрээгээр шилжүүлсэн авлагыг үүрэг гүйцэтгэгч хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг факторингийн үйлчилгээ эрхлэгч хариуцна.
5.7. Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн гэрээний дагуу авлага шилжүүлсэн өдрөөс эхлэн тухайн авлагатай холбоотой төлбөр шаардах эрх, түүнтэй холбоотой дагалдах эрхүүд факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжих бөгөөд авлага шилжүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс давхар төлбөр шаардахгүй.
5.8. Урвуу факторинг нь факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгэгч хооронд байгуулсан тусгай гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг түүний даалгавар, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр үүрэг гүйцэтгүүлэгчийг санхүүжүүлсний хариуд факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэгч факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө төлбөрийн үүргийг хариуцна.
5.9. Урвуу факторингийн харилцаанд факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авахад энэ хуульд заасан бусад төрлийн факторингийн үйлчилгээний зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
5.10. Факторингийн үйлчилгээнд ирээдүйд үүсэх авлагыг зөвхөн урьдчилан тодорхойлох бололцоотой, үүрэг гүйцэтгэгч нь тодорхой тохиолдолд ашиглаж болно.
5.11. Энэ хуулийн 5.10-т заасан авлага хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс авлага шаардах эрх үүснэ.