Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ (Анхдагч хуулийн төсөл)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь факторингийн үйлчилгээний эрх зүйн үндсийг тогтоох, факторингийн төрөл, факторингийн үйлчилгээнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Факторингийн тухай хууль тогтоомж
2.1. Факторингийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар факторингийн үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулна.
3.2. Аж ахуйн үйл ажиллагааны шинжгүй, нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй Иргэний хуулийн хүрээнд шаардах эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
Тайлбар: Энэ хуульд заасан “аж ахуйн үйл ажиллагаа” гэж ашиг олох зорилгоор тогтвортой эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон бусад эдийн засгийн үйл ажиллагааг ойлгоно. “тогтвортой эрхлэх” гэж тухайн үйл ажиллагаа нь үргэлжилсэн, дахин давтагдах шинжтэй байхыг ойлгоно.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “авлага” гэж үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхийг;
4.1.2. “нээлттэй дансны нөхцөл” гэж энэ хуулийн 4.1.1-т заасан авлага үүссэнийг нотлох нэхэмжлэхийг;
4.1.3. “факторингийн үйлчилгээ эрхлэгч” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.11-д заасан тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч, факторингийн үйлчилгээ эрхэлж байгаа компанийг;
4.1.4. “факторингийн үйлчилгээ” гэж факторингийн үйлчилгээ эрхлэгч нь авлагыг шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгүүлэгчид санхүүжилт олгох болон авлагатай холбогдуулан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрийн чадварын талаар мэдээлэл олж авах, дүн шинжилгээ хийх, авлагын бүртгэл, данс хөтлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг;
4.1.5. “холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг;

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ФАКТОРИНГ
5 дугаар зүйл. Факторинг
5.1. Факторинг нь буцаан дуудах нөхцөлтэй /баталгаатай/, буцаан дуудах нөхцөлгүй /баталгаагүй/, урвуу факторинг зэрэг хуулиар хориглоогүй бусад төрөлтэй байж болно.
5.2. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн үед факторингийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч авлагыг хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.
5.3. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөх хугацаа нь болсон авлагыг төлж барагдуулахыг факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
5.4. Буцаан дуудах нөхцөлтэй факторингийн харилцаанд үүрэг гүйцэтгэгч авлагатай холбоотой үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө хариуцаж, ийнхүү гүйцэтгэсэн даруй факторингийн үйлчилгээ эрхлэгч нь шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид буцаан шилжүүлнэ.
5.5. Факторингийн гэрээнд буцаан дуудах нөхцөлийг тодорхой заагаагүй бол энэ хуулийн 5.6-д заасан буцаан дуудах нөхцөлгүй факторинг гэж үзнэ.
5.6. Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн үед гэрээгээр шилжүүлсэн авлагыг үүрэг гүйцэтгэгч хугацаандаа төлөхгүй байх эрсдэлийг факторингийн үйлчилгээ эрхлэгч хариуцна.
5.7. Буцаан дуудах нөхцөлгүй факторингийн гэрээний дагуу авлага шилжүүлсэн өдрөөс эхлэн тухайн авлагатай холбоотой төлбөр шаардах эрх, түүнтэй холбоотой дагалдах эрхүүд факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжих бөгөөд авлага шилжүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс давхар төлбөр шаардахгүй.
5.8. Урвуу факторинг нь факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгэгч хооронд байгуулсан тусгай гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг түүний даалгавар, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр үүрэг гүйцэтгүүлэгчийг санхүүжүүлсний хариуд факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэгч факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өмнө төлбөрийн үүргийг хариуцна.
5.9. Урвуу факторингийн харилцаанд факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчээс авлагыг шилжүүлэн авахад энэ хуульд заасан бусад төрлийн факторингийн үйлчилгээний зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
5.10. Факторингийн үйлчилгээнд ирээдүйд үүсэх авлагыг зөвхөн урьдчилан тодорхойлох бололцоотой, үүрэг гүйцэтгэгч нь тодорхой тохиолдолд ашиглаж болно.
5.11. Энэ хуулийн 5.10-т заасан авлага хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгчээс авлага шаардах эрх үүснэ.
6 дугаар зүйл. Факторингийн гэрээ
6.1. Факторингийн гэрээг факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хооронд байгуулна.
6.2. Энэ хуулийн 6.1-т заасан гэрээнд дараах зүйлсийг тусгана:
6.2.1.үйлчилгээний нөхцөл, гэрээний хугацаа; 6.2.2.талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага; 6.2.3.авлагыг тодорхойлох баримт бичиг; 6.2.4.эрсдэлийг хуваарилах, авлагын мэдэгдэл хүргүүлэх журам, нөхцөл; 6.2.5.авлагын үнийг тооцох, санхүүжилтийг шилжүүлэх арга, хэлбэр; 6.2.6.үйлчилгээний шимтгэл; 6.2.7.гэрээ цуцлах, дуусгавар болох нөхцөл; 6.2.8.мэдээллийн нууцлал, аюулгүй байдал; 6.2.9.давагдашгүй хүчин зүйл; 6.2.10.маргаан шийдвэрлэх арга, хэлбэр;
6.3. Урвуу факторингийн гэрээнд үүрэг гүйцэтгэгч санхүүжилтийн хүсэлт гаргах нөхцөл, журмыг тодорхой тусгасан байна.
6.4. Үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хүү төлөхөөр гэрээнд тусгаж болно.
6.5. Факторингийн гэрээ байгуулах үед үүрэг гүйцэтгүүлэгч факторингийн үйлчилгээ эрхлэгчид дараах мэдээллийг хүргүүлнэ:
6.5.1. авлага үүсэх үндэслэл болсон бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ болон холбогдох нэхэмжлэл;
6.5.2. гэрээнд өөрөөр заагаагүй бол, авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн тухай үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн мэдэгдлийн хувь.
6.6. Энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн өдрийг авлага шилжүүлсэн өдөрт тооцно.
6.7. Факторингийн гэрээнд гэрээний хүчинтэй хугацааг заагаагүй бол гэрээгээр шилжүүлсэн авлагын төлбөрийг факторингийн үйлчилгээ эрхлэгч бүрэн хүлээн авах хүртэл гэрээний хугацаа үргэлжилнэ.
7 дугаар зүйл. Авлага шилжүүлсэн тухай мэдэгдэл
7.1. Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь факторингийн гэрээ байгуулсан даруй авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн тухайгаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдэл нь факторингийн гэрээгээр шилжүүлсэн нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх авлагыг хамарсан, түүний дотор ирээдүйд үүсэх авлагыг үүрэг гүйцэтгүүлэгчээс факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлсэн талаарх мэдэгдэл байж болно.
7.3. Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдэлд авлага үүсэх үндэслэл болсон бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээг тодорхойлох мэдээлэл, авлагыг шилжүүлэн авсан факторингийн үйлчилгээ эрхлэгчийн мэдээлэл, нэхэмжлэхийн дугаар, авлагын үнийн дүнг тусгасан байна.
7.4. Энэ хуулийн 7.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгдсөн талаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид мэдэгдээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүргийг хариуцна.
8 дугаар зүйл. Шилжүүлсэн авлагыг барагдуулах
8.1. .Энэ хуулийн 7.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан үүрэг гүйцэтгэгч мэдэгдэлд заасан факторингийн үйлчилгээ эрхлэгчийн дансанд мөнгөн төлбөрийн үүргийг төлж барагдуулна.
8.2. Авлага барагдуулах хугацаа нь бараа худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөр төлөх хугацаагаар тодорхойлогдоно.
8.3. Үүрэг гүйцэтгэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш авлагын төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн авсан үнийн дүнг нэн даруй факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлэх үүрэгтэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
9 дүгээр зүйл. Факторингийн үйлчилгээ эрхлэх
9.1. Факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ -оос олгосон тусгай зөвшөөрөл авсан компани эрхэлнэ.
9.2. Шашны болон улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, Иргэний хуулийн 36 дугаар зүйлд заасан хуулийн этгээд факторингийн үйлчилгээ эрхлэх, хувьцаа эзэмшихийг хориглоно.
9.3. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нь хугацаагүй байна.
9.4. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь шаардах эрхийг хүлээн авахдаа үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, зах зээлд өрсөлдөх чадварыг үнэлнэ.
9.5. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн шилжүүлэн авсан авлагын бүртгэлийг үнэн зөв, бүрэн гүйцэд хөтөлнө.
9.6. Үүрэг гүйцэтгүүлэгч эрхийн доголдолгүй авлагыг факторингийн үйлчилгээ эрхлэгчид шилжүүлнэ.
9.7. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний шимтгэл, хүүг үндэслэлтэй тогтоож, ил тод мэдээлнэ.
9.8. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
9.9. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17.3-т заасан журмын дагуу авлагын мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ.
9.10. Факторингийн үйлчилгээ эрхлэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь авлагын төлбөрийг баталгаажуулах зорилгоор барьцаа, батлан даалтын гэрээ байгуулж болно.
9.11. Факторингийн гэрээгээр шилжүүлэн авсан авлагын тухай мэдэгдлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 3.2-т заасны дагуу бүртгүүлж болно.
10 дугаар зүйл. Зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага
10.1. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1. хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1.1. .а.Хорооноос тогтоосон доод хэмжээг хангасан;
10.1.1.2. б.хууль ёсны орлого, түүнийг нотлох дансны хуулга, гэрээ, хэлцэл зэрэг шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн;
10.1.1.3. .в.зээл болон түүнтэй ижил төстэй гэрээгээр хүлээн авсан хөрөнгө биш байх;
10.1.1.4. г.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнасан байх.
10.1.2. хувь нийлүүлэх мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хадгаламж, харилцах дансанд төвлөрүүлэх ба мөнгөн хөрөнгийн гарал үүслийг мэдүүлсэн дүнд хүрэлцэхгүй, эсхүл давсан дүнгээр зарлагын гүйлгээ хийхгүй байх;
10.1.3. хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан байх;
10.1.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасан хөтөлбөртэй байх;
10.1.5. эрхлэх үйл ажиллагаатай холбогдох зах зээлийн судалгаа, үзүүлэх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй танилцуулга, компанийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, эрсдэлийн удирдлага зэрэг мэдээллийг агуулсан гурваас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөг төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр баталсан байх.
11 дүгээр зүйл. Бүрдүүлэх баримт бичиг
11.1. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуулийн 10.1-т заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримт бичгээс гадна дараах баримт бичгийг зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт Хороонд гаргана:
11.1.1.үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн дүрэм; 11.1.2.эрхлэх үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчийн гомдол шийдвэрлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан дотоод журам; 11.1.3.үйлчлүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл; 11.1.4.хүний нөөц, ажлын байрны мэдээлэл; 11.1.5.эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл; 11.1.6.эхлэлтийн тайлан, эсхүл аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасны дагуу бүрдүүлж өгсөн баримт бичгийг дутуу буюу тодорхой бус гэж үзвэл Хороо үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага болон бусад шийдвэртэй холбоотой асуудлаар нэмэлт баримт бичиг гаргуулах, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа авч болно.
12 дугаар зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
12.1. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:
12.1.1.Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй; 12.1.2.тайлан, мэдээг тогтоосон хугацаанд хоёр ба түүнээс дээш удаа ирүүлээгүй; 12.1.3.газар дээрх хяналт шалгалтаас санаатай зайлсхийсэн; 12.1.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 12.1.5.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн;
12.2. Хорооноос зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан өдрөөс эхлэн зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээр шинээр аливаа гэрээ, хэлцэл байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
12.3. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно:
12.3.1.энэ хуулийн 12.1-д заасан түдгэлзүүлэх үндэслэлийг арилгаагүй; 12.3.2.Зөрчлийн тухай хуулийн 11.36-д заасан зөрчлийг нэг жилийн дотор хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан.
12.4. Хорооноос факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд олон нийтэд мэдээлнэ.
13 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах
13.1. Факторингийн үйлчилгээ эрхлэгч дараах асуудлаар шийдвэр гаргасан талаарх холбогдох баримт бичиг, мэдээллийг Хороонд хүргүүлнэ:
13.1.1.оноосон нэр өөрчлөх; 13.1.2.хаяг байршил өөрчлөх; 13.1.3.салбар байгуулах; 13.1.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах; 13.1.5.гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах; 13.1.6.эцсийн өмчлөгч өөрчлөх; 13.1.7.өөрчлөн байгуулах, татан буулгах.
13.2. Хороо энэ хуулийн 13.1-д заасны дагуу ирүүлсэн шийдвэр нь хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хариуг факторингийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.
13.3. Энэ хуулийн 13.1-д заасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж Хороо үзсэн тохиолдолд факторингийн үйлчилгээ эрхлэгч уг шийдвэрийг Улсын бүртгэлд бүртгүүлж, хувьцаа эзэмшигч, үйлчлүүлэгч, олон нийтэд мэдээлнэ.
14 дүгээр зүйл. Факторингийн үйлчилгээ эрхлэгчийн нэр
14.1. Банкны тухай хуулийн 3.1.1-т заасан банк, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.9-д заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс бусад факторингийн үйлчилгээ эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон “факторинг” гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
14.2. Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээд нь өөрийн оноосон нэртэй хамт “факторинг” гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
15 дугаар зүйл. Үйл ажиллагаа эрхлэгчид хориглох зүйл
15.1. Факторингийн үйлчилгээ эрхлэгчид дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
15.1.1.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс бусад факторингийн үйлчилгээ эрхлэх этгээд нь зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх; 15.1.2.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх; 15.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийг зээл, түүнтэй адилтгах бусад эх үүсвэрээр бүрдүүлэх; 15.1.4.өөрийн нэрийн данснаас бусад дансаар гүйлгээ хийх; 15.1.5.үйл ажиллагааны үр дүнг худал мэдээлэх; 15.1.6.хүн, хуулийн этгээдийн мэдээллийг хууль бусаар ашиглах, бусдад дамжуулах, хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах; 15.1.7.тайлан тэнцэлд тусгаагүй хөрөнгийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
15.2. Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд нь энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
15.3. Факторингийн үйлчилгээ эрхлэгч энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос тогтоосон шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хороо дор дурдсан арга хэмжээ авна:
15.3.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх; 15.3.2.зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 15.3.3.зөвшөөрлийг хүчингүй болгох.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ
16 дугаар зүйл. Факторингийн үйлчилгээнд тавих хязгаарлалт
16.1. Факторингийн үйлчилгээ эрхлэгчээс иргэн, хуулийн этгээдэд олгосон факторингийн санхүүжилтийн нийлбэр дүн нь тухайн факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй байна.
16.2. Факторингийн үйлчилгээ эрхлэгчээс холбогдох этгээдэд олгосон факторингийн санхүүжилт дүн нь тухайн факторингийн үйлчилгээ эрхлэгчийн өөрийн хөрөнгийн 10 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 25 хувиас тус тус хэтрэхгүй байна.
17 дугаар зүйл. Факторингийн үйлчилгээнд тавих хяналт зохицуулалт
17.1. Факторингийн үйлчилгээг зохицуулах, хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ.
17.2. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор факторингийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах үйл ажиллагааны шаардлага, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, учирч болзошгүй алдагдлаас хамгаалах нөөцийн сан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон бусад санхүүгийн зохистой харьцаа үзүүлэлтийг тогтоосон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
17.3. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үзүүлж буй факторингийн үйлчилгээтэй холбогдох баримт бичгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хадгалах ба Хорооны шаардсанаар гаргаж өгнө.
17.4. Факторингийн үйлчилгээ эрхлэгч энэ хууль болон бусад хууль тогтоомж, Хорооноос тогтоосон энэ хуулийн 17.2-д заасан шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Хороо дор дурдсан арга хэмжээ авна:
17.4.1. бичгээр, эсхүл цахим хэлбэрээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх;
17.4.2. зөвшөөрлийг түдгэлзүүлэх;
17.4.3. зөвшөөрлийг хүчингүй болгох.
18 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн ил тод байдлыг хангах
18 .1. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн бодит чадамжид үндэслэн нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээнд үл харшлах санхүүгийн үйлчилгээг харилцан эрх тэгш байх, талуудын чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн үзүүлнэ.
18 .2. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний болон гэрээний нөхцөл, хүү, шимтгэл, үйлчилгээний бодит өртөг, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарласны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх ба мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана.
18 .3. Факторингийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчлүүлэгчийг гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргах, факторингийн үйлчилгээний гэрээтэй танилцах боломжоор хангана.
18 .4. Факторингийн үйлчилгээ эрхлэгч үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эсхүл үйлчилгээтэй холбоотой гомдлыг хүлээн авч үндэслэл бүхий тайлбарыг үйлчлүүлэгчид хүргүүлнэ.
18 .5. Факторингийн үйлчилгээнд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, нууцлал, аюулгүй байдлыг хуульд заасны дагуу хангаж ажиллана.
18 .6. Факторингийн үйлчилгээ эрхлэгч факторингийн үйлчилгээг санал болгохдоо үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийг төөрөгдөлд оруулах, өөртөө давуу байдал бий болгох, хууль ёсны эрх ашигт илт хохирол учруулахуйц үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
18 .7. Факторингийн үйлчилгээ эрхлэгч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учруулсан нь маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хохирлыг хариуцна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
20 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
20.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
21 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
21.1. Энэ хуулийг 202.. оны ... дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

А. ГАНБААТАР

А. ГАНБААТАР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх