Боловсруулж байгаа хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 10-р сарын 05 өдөр
Ulaanbaatar city
ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Инновацийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.1.23 дахь заалт:
“7.1.23.инновацийн бүтээгдэхүүнийг бүртгэх;”
2/17 дугаар зүйлийн 17.1.14, 17.1.15, 17.1.16, 17.1.17 дахь заалт:
“17.1.14.инновацийн төсөлд болон инновацийн бүтээгдэхүүн гаргахад оруулсан хөрөнгө оруулалтыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох;
17.1.15.улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жил болсон гарааны компанийн судалгаа, судалгаа хөгжүүлэлт, технологи туршилт, зүгшрүүлэлт, патентийн зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох;
17.1.16.улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг албан татвараас чөлөөлөх;
17.1.17.инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх, эсхүл инновацийн гарааны компанийн компанийн лабораторийн болон дата төвийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх.”
3/17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг:
“17.4.Энэ хуулийн 17.1.14, 17.1.15, 17.1.16, 17.1.17-д заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татварын хууль тогтоомжоор зохицуулна.”
2 дугаар зүйл. Инновацийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт:
“3.1.1."инноваци" гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл ажиллагааны үр дүнг;”
2/3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт:
“3.1.4."инновацийн бүтээгдэхүүн" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр энэ хуульд заасны дагуу бүртгэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга шийдлийг;”
3/3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт:
“3.1.8."гарааны компани" гэж инновацийн бүтээгдэхүүнийг шинээр, эсхүл түүнд нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн шинээр гаргах зорилгоор үүсгэн байгуулагдсан, инновацид суурилсан, эсхүл инновацийн төсөл хэрэгжүүлэгч компанийг;”
4/3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт:
“3.1.9."технологийн туршилт, зүгшрүүлэлт" гэж инновацийн үр дүнд гарсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;”
5/4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт:
“4.1.6.инновацийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, зах зээлийн тодорхойгүй байдлаас шалтгаалсан үндэслэл бүхий эрсдэлийг төр болон бусад хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч этгээд хүлээн зөвшөөрч, инноваци хэрэгжүүлэгч этгээдэд тус эрсдэлээр хариуцлага хүлээлгэхгүй байх.
Тайлбар: Энэ зүйлд заасан “үндэслэл бүхий эрсдэл” гэж инновацийн үйл ажиллагааг хууль тогтоомж, аргачлалын дагуу, зөв зохион байгуулан хэрэгжүүлсэн хэдий ч туршилт амжилтгүй болох, зах зээлд борлуулалтгүй байх, патент авах боломжгүй болох, технологийн шийдэл гарахгүй байх зэргээр зорилтот үр дүнд хүрээгүй байхыг ойлгоно.”
6/7 дугаар зүйлийн 7.1.14 дэх заалт:
“7.1.14.инновацийн бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах, инновацийн бүтээгдэхүүнийг бүртгэх үйл ажиллагааны журам болон дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийн баг ажиллах журмыг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах;”
7/12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт:
“12.1.8.гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, зээл;”
8/13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэг:
“13.14.Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг инновацийн тогтолцооны оролцогч болох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, технологи дамжуулах төв, шинжлэх ухаан, аж үйлдвэр, гарааны компанийн төлөөллийг оролцуулан Засгийн газрын баталсан журмын дагуу боловсруулна.”
“15 дугаар зүйл.Инновацийн бүтээгдэхүүн
15.1. Дараах шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг инновацийн бүтээгдэхүүнээр бүртгэнэ:
15.1.1. шинэ мэдлэгт суурилсан, инновацийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон байх;
15.1.2. эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон байх;
15.1.3. технологийн шийдэлд хүрсэн байх;
15.1.4. эдийн засгийн эргэлтэд орох, гарааны компани хөгжих, хөрөнгө оруулалт татах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой байх;
15.1.5. эдийн засаг, нийгэмд үр дүн, ач холбогдолтой, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
15.1.6. зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү байх;
15.1.7. оюуны өмчийн эрхээр баталгаажсан байх;
15.1.8. бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх, эсхүл оюуны өмчийг компанийн биет бус хөрөнгөөр бүртгүүлж, дүрмийн санд байршуулсан байх.
15.2. Инновацийн бүтээгдэхүүн энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг мэргэжлийн шинжээчийн баг материал хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гаргах бөгөөд тус дүгнэлтийг үндэслэн өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн бүтээгдэхүүнийг ажлын 5 өдрийн дотор бүртгэнэ.
15.3. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн патент авсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт шаардахгүйгээр цахим хэлбэрээр, ажлын 10 өдөрт багтаан инновацийн бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэнэ.”
9/17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт:
“17.1.5.төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг төсвийн бус хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг улсын болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх;”
10/27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэг:
“27.10.Төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмшигч нь эрдэм шинжилгээний байгууллага байх тохиолдолд оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхгүй бөгөөд тус орлогыг дараах байдлаар хуваарилж, зарцуулна:
27.10.1.оюуны өмчийг зохиогч, бүтээгчид роялти орлогоос 15-иас доошгүй хувийг хуваарилан олгох;
27.10.2.оюуны өмчийн ашиглалтаас олох роялти орлогоос тухайн оюуны өмчийг зохиогч, бүтээгчдэд төлсөн роялтийг хуваарилсны дараа үлдэх орлогыг зөвхөн инновацийн судалгаа хөгжүүлэлт, сургалт, эрдэм шинжилгээ, технологи дамжуулалт, гарааны компани хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах;
27.10.3.оюуны өмчийг төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэлд нэвтрүүлснээс олсон роялтигаас бусад орлогын 70 хувийг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн зардалд хуваарилах ба 15 хувийг оюуны өмчийн зохиогч, бүтээгчид олгож, 15 хувийг оюуны өмчийг эзэмшигч нь инновацийн судалгаа, судалгаа хөгжүүлэлт, сургалт, эрдэм шинжилгээ, технологийн зүгшрүүлэлт, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд зарцуулах.”
3 дугаар зүйл. Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “Инновацийн” гэснийг “Засгийн газраас инновацийн” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “17.1.10-т” гэснийг “17.1.10, 17.1.14, 17.1.15, 17.1.16, 17.1.17-д” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын “компанийн” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтын “буюу хэсэгчлэн” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйл. Инновацийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
2. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
3. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
4. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
5. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

Л. ГАНТӨМӨР

Л. ГАНТӨМӨР

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх