1/6 дугаар зүйлийн 6.1.51, 6.1.52 дахь заалт:
“6.1.51.“хууль даган мөрдөлтийн түвшин” гэж гааль, татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн татвар төлөгчийн гааль, татварын хууль тогтоомж даган мөрдөлтийг үнэлсэн үнэлгээг;
6.1.52."татварын нэгдсэн систем" гэж татварын бүртгэл, тайлагнал, ногдол, төлөлт, хураалт, хяналт шалгалт, мэдээллийн солилцооны үйл ажиллагаа болон Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим болон автоматжуулсан байдлаар нэгтгэн зохион байгуулдаг программ хангамжийг.
2/18 дугаар зүйлийн 18.1.11, 18.1.12, 18.1.13, 18.1.14 дэх заалт:
“18.1.11.“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасан хувь хүнийг;
18.1.12.“аливаа этгээд” гэж энэ зүйлийн 18.1.2-т заасан мэдээлэл хариуцагч хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
18.1.13.“Тайлагналын нийтлэг стандарт” гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг “Common Reporting Standard” бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлагнал, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах стандартыг;
18.1.14.“Виртуал хөрөнгийн тайлан” гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг “Crypto-Asset Reporting Framework” бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан, виртуал хөрөнгийн мэдээллийг автоматаар солилцохтой холбоотой тайлан, дүн шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах баримт бичгийг.”
3/26 дугаар зүйлийн 26.13 дахь хэсэг:
“26.13.Татвар төлөгчтэй харилцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, татварын орлогыг төсөв хооронд хуваарилах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхтэй холбогдуулан татварын алба татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаа явуулж буй, борлуулалтын орлогын эх үүсвэр бүхий газар зүйн байршлаас хамаарсан бүртгэлтэй байна.”
4/34 дүгээр зүйлийн 34.8.4 дэх заалт:
“34.8.4.үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, түрээслэгч, барьцаалагч болон хөлслөх, түрээслэх гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэл түүний бүртгэл, өөрчлөлтийн мэдээлэл.”
5/35 дугаар зүйлийн 35.2.5 дахь заалт, 35.12 дахь хэсэг:
“35.2.5.эрсдэлийн удирдлага нь татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөхөд дэмжин зөвлөн туслах.
35.12.Татвар төлөгч хууль тогтоомж зөрчсөн, зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал, үйл баримтын талаар бусад этгээдээс татварын албанд мэдэгдсэн бол энэхүү мэдээллийн дагуу татварын алба энэ хуульд заасан журмын дагуу тухайн татвар төлөгчийн эрсдэлийг үнэлнэ.”
6/42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэг:
“42.9.Татварын алба жишиг үнийн арга болон үнэ шилжилтийн тохируулга хийх арга, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм ашиглан нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тохиолдолд тухайн арга, дүрэм ашигласан тухай тайлан, дүгнэлтийг нөхөн ногдуулалтын актад хавсаргана.”
7/47 дугаар зүйлийн 47.21, 47.22, 47.23, 47.24, 47.25, 47.26, 47.27, 47.28, 47.29, 47.30 дахь хэсэг:
“47.21.Маргаан таслах зөвлөл татвар төлөгч болон татварын улсын байцаагчийн гаргасан гомдол, хүсэлт, тайлбар, түүнд холбогдох нотлох баримт, маргаан таслах зөвлөлийн шийдвэр болон гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад баримт бичиг, мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
47.22.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татвар төлөгч, эсхүл түүний төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх, татварын акт үйлдсэн татварын улсын байцаагчийг энэ хуулийн 47.21-д заасан баримт бичиг, мэдээлэлтэй цахимаар танилцах боломжоор хангаж, татварын нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл, баримт бичиг хүлээн авах, хүргүүлэх, харилцах боломжийг бүрдүүлнэ.
47.23.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн зөвлөлөөр хянан хэлэлцэж байгаа маргааны шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж шийдвэрт хавсаргах, цахим хуудсанд байршуулж, нийтлүүлэх эрхтэй.
47.24.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн маргааны нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, татварын зөвлөгөө өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах болон зөвлөлдөх үйл ажиллагааны нууцыг задруулахыг хориглоно.
47.25.Татвар төлөгчийн хүсэлтээр маргаан таслах зөвлөлийн хуралдааныг нээлттэй явуулж, олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ.
47.26.Маргаан таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Татвар төлөгч, татварын алба, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бусад оролцогчдыг маргаан таслах ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.
47.27.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүн гомдол хянан шийдвэрлэхтэй холбоотой аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулах нөлөөллийн мэдүүлгийг тухайн гомдол хянан хэлэлцэхээс өмнө гаргана.
47.28.Маргаан таслах зөвлөлийн дарга энэ хуулийн 47.27-д заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ. Нөлөөллийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагын шийдвэрийг маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга олон нийтэд тухай бүр мэдээлнэ.
47.29.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45.2-т заасны дагуу эрх бүхий этгээдээс баталсан нөлөөллийн мэдүүлгийн загварыг маргаан таслах зөвлөл үйл ажиллагаандаа ашиглана.
47.30.Татвар төлөгч энэ хуулийн 47.3-т заасны дагуу урьдчилж төлөх татварыг банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны баталгаагаар гаргаж болно.”
8/48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэг:
“48.5.Татвар ногдуулах, бүртгэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөхөд баримтлах “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.”
9/51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг:
“51.3.Маргаан таслах зөвлөл, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхөн ногдуулалтын актын алданги, торгуулийг тухайн гомдол эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд татвар төлөгчөөс нэхэмжлэхгүй.”
10/63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэг:
“63.2.Энэ хуулийн 63.1-д зааснаар татварын өрийг гаргуулсны дараагаар татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байна.
63.3.Битүүмжилсэн данснаас ногдол ашиг, харилцан хамаарал бүхий этгээдэд төлөх төлбөр болон өөрийн буруутай үйлдлээс үүссэн төлбөртэй холбоотой зарлагын гүйлгээ хийхийг хориглоно. Ийм гүйлгээ хийсэн тохиолдолд энэ хуулийн 63.2-т заасныг үл харгалзан дансыг бүрэн битүүмжилж, татварын өрийг хураах дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.”
11/72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэг:
“72.5.Татварын буцаан олголтын акт гаргуулах татвар төлөгчийн хүсэлтийг татварын алба 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.”
12/73 дугаар зүйлийн 73.4, 73.5 дахь хэсэг:
“73.4.Татварын хяналт шалгалтын томилолтыг олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохгүй.
73.5.Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.”
13/761дүгээр зүйл.
“761дүгээр зүйл.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин
761.1.Гааль, татварын алба хууль даган мөрдөлтийн түвшнийг дараах үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтооно:
761.1.1.татвар төлөгчийн бүртгэл;
761.1.2.татварын тайлагнал;
761.1.3.татвар ногдуулалт, төлөлт;
761.1.4.татвар, гаалийн хууль тогтоомжийн зөрчил;
76.1.5.гаалийн бүрдүүлэлт.
761.2.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин нь 100 хүртэлх тоон утгаар хэмжигдэх бөгөөд тоон утгад харгалзан маш сайн, сайн, дунд, муу гэж ангилагдана.
761.3.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тооцох шалгуур үзүүлэлтийг энэ хуулийн 35.11-д заасан журмын дагуу тогтоож, татвар төлөгчид мэдээлнэ.
761.4.Татварын алба нь татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг улирал, жилээр тодорхойлж, татвар төлөгчид татварын нэгдсэн системээр мэдэгдэнэ.
761.5.Энэ зүйлийн 761.2-т заасан хууль даган мөрдөлтийн түвшнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, татварын зөвлөн туслах үйлчилгээг хэрэгжүүлэхэд ашиглана.”
14/77 дугаар зүйлийн 77.7.16 дахь заалт:
“77.7.16.энэ зүйлийн 77.7.8-д заасан сахилгын шийтгэл оногдуулах эрхийг тушаалаар харьяа албадын дарга нарт шилжүүлж болох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2, 48.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй.”
15/771дүгээр зүйл.
“771дүгээр зүйл.Татвар төлөгчид үзүүлэх татварын зөвлөн туслах үйлчилгээ
771.1.Татварын алба нь энэ хуулийн 75.1.1-д заасан чиг үүргээ дараах байдлаар хэрэгжүүлнэ:
771.1.1.шинээр бүртгэгдсэн татвар төлөгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, татварын нийтлэг эрсдэлийн мэдээллийг агуулсан гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлэх, танхимын болон цахим хэлбэрийн сургалтад хамруулах;
771.1.2.харьяалах татварын алба татвар төлөгчийн хүсэлтээр татварын бүртгэл, тайлагнал, төлөлт, тайлан боловсруулалттай холбоотой мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгөх;
771.1.3.татварын хууль тогтоомж, татварын тайлангийн маягтад өөрчлөлт орсон тохиолдолд төрийн мэдээлэл эмхэтгэл хэвлэгдсэн, эсхүл улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ажлын 15 өдрийн дотор тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарах мэдээллийг нийт татвар төлөгчдөд татварын нэгдсэн системээр хүргүүлэх, сургалт зохион байгуулах;
771.1.4.татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломж олгох;
771.1.5.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулах;
771.1.6.худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоо, салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын байгууллага, гадаад улсын дипломат болон консулын байгууллагаас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлаар зөвлөгөө, сургалт авахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;
771.1.7.олон нийтийн татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагатай хамтран сургалтын болон боловсролын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах;
771.1.8.татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор төр, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодтой хамтран сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, аргачлалаар хангаж ажиллах;
771.1.9.энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж гаргах;
771.1.10.татварын албаны цахим хуудсанд татварын хууль тогтоомжийг англи болон монгол хэлээр байршуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах;
771.1.11.хуулиар зөвшөөрсөн шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
771.2.Энэ зүйлийн 771.1-д заасан гарын авлага, зөвлөмж, сургалтын материал, дүрс бичлэг, сургалтыг брайл үсэг, дохионы хэлийг ашиглах шаардлагад нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл тэгш авах эрхээр хангасан байна.
771.3.Татварын алба энэ зүйлд заасны дагуу зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөө, гарын авлага, зөвлөмж, хөтөлбөр мэдээллийг татварын албаны цахим хуудсанд олон нийтэд нээлттэй байршуулна.
771.4.Энэ зүйлийн 771.1.6-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор татварын алба тухайн салбарын мэргэжлийн холбоотой хамтран хэлэлцүүлэг, сургалтын хөтөлбөр боловсруулан, товыг зарлан, 45-аас доошгүй хоногийн хугацаанд хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, сургалтын тов, хөтөлбөр нь худалдаа, аж үйлдвэрийн танхим, тухайн салбарын мэргэжлийн холбоо болон олон нийтэд нээлттэй байна.”
16/78 дугаар зүйлийн 78.8 дахь хэсэг:
“78.8.Татварын алба энэ зүйлийн 78.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд холбогдох тайлбарыг 30 хоногийн дотор хүргүүлэх ба хүлээн авсан тохиолдолд улсын ерөнхий байцаагч ажлын 45 өдрийн дотор зөвлөмж гаргана.”