1/14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт:
“14.1.6.Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчөөс худалдан авсан ажил, үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэсэн тохиолдолд төлбөр тооцооны баримт, ажил, үйлчилгээний гэрээг үндэслэн тухайн ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг.”
2/14 дүгээр зүйлийн 14.12 дахь хэсэг:
“14.12.Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, ажилтны хангамжид зориулж худалдан авалтад төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон өмнөх үргэлжилсэн 12 сарын цалингийн зардлын сарын дундаж дүнгийн 15 хувиас хэтрэхгүй байхаар хасаж тооцно.”
3/15 дүгээр зүйлийн 15.2.1.в дэх дэд заалт:
“15.2.1.в.Энэ заалтын 15.2.1.б-д заасныг үл харгалзан албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтын дүнгээс хамгийн багадаа 1 хувиар албан татвар төлнө.
4/161 дүгээр зүйл:
“161дүгээр зүйл.Албан татвар төлөх хугацааны хөнгөлөлт
161.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг нэг сарын хугацаанд хойшлуулан татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлнэ.
161.2.Энэ зүйлийн 161.1-д заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч тухайн сард хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулна.
161.3.Хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татвар төлөх хугацааг нэг сарын хугацаагаар хойшлуулна.
161.4.Энэ зүйлийн 161.3-т заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татварын хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулж болно. Хойшлуулан төлөх татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.
161.5.Энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй, хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол татвар төлөх хугацаа хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр үүссэнд тооцно.
161.6.Энэ зүйлийн 161.5-д заасны дагуу татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тухайн татвар суутган төлөгч нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 161.1, 161.2, 161.3, 161.4-т заасан хүсэлт гаргахгүй бөгөөд энэ зүйлийн 161.5-д заасан зөрчил арилсан тохиолдолд дахин 161.1-д заасан хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргаж болно.
161.7.Энэ зүйлд заасан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба болон гаалийн байгууллага хүсэлт ирүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
161.8.Энэ зүйлд заасны дагуу хойшлуулсан хугацаанд татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж өр хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.
Тайлбар: “Ижил төрлийн бараа” гэж Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан орны түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.”
5/171 дүгээр зүйл:
“171 дүгээр зүйл.Татварын хялбаршуулсан горим
171.1.Дараалсан 12 сарын хугацаанд 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, эсхүл шинээр үүсгэн байгуулагдсан, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлдэггүй татвар суутган төлөгч өөрийн хүсэлтээр татварын хялбаршуулсан горимд хамрагдаж болно.
171.2.Татвар суутган төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээ нь татварын жилийн дундуур 400 сая төгрөгт хүрсэн тохиолдолд татварын хялбаршуулсан горимын бүртгэлээс хасаж, дараагийн сараас энэ хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу татвараа тайлагнаж төлнө.
171.3.Энэ зүйлийн 171.2-т заасны дагуу татварын хялбаршуулсан горимоос хасагдсан татвар суутган төлөгч дараагийн 12 сарын хугацаанд хялбаршуулсан горимд бүртгүүлэх хүсэлт гаргахгүй.
171.4.Санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй хөрөнгийн болон татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг энэ зүйлийн 171.1-д заасан борлуулалтын орлогод тооцохгүй.
171.5.Хялбаршуулсан горимд хамрагдсан татвар суутган төлөгчийн тухайн улиралд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний дүнгийн 90 хувьтай тэнцэх хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаар тооцон төлбөл зохих татварыг тодорхойлж, тухайн улирлын татварын тайланг дараагийн сарын 20-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар тушаана.
171.6.Хялбаршуулсан горимд хамрагдах татвар суутган төлөгч этгээд энэ зүйлийн 171.5-д заасны дагуу тодорхойлж тайлагнасан татварыг тухайн улирлын дараа сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө.”