Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 1-р сарын 09 өдөр
Ulaanbaatar city
Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж
2.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбоотой харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
3.2. Метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг барих, ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. “төмөр замын тээвэр” гэж төмөр замын тээвэрлэлт болон түүнд зориулагдсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, бусад байгууламж, тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний технологийн иж бүрдлийг;
4.1.2. “төмөр замын тээвэрлэлт” гэж зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэхэд бэлтгэх, тээвэрлэх, тээвэрлэлтийг дуусгахтай холбоотой технологийн харилцан уялдаатай цогц ажил үйлчилгээг;
4.1.3. “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн гэрээний дагуу төмөр замаар зорчигч, ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
4.1.4. “төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч” гэж төмөр замын суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;
4.1.5. “төмөр замын тээврийн байгууллага” гэж тээвэрлэгч, төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийг;
4.1.6. “төмөр замын суурь бүтэц” гэж төмөр замын дээд, доод бүтэц, гүүр, хоолой, өртөө, зөрлөг, эрчим хүч, усан хангамж, дохиолол, холбоо, мэдээлэл, сүлжээ, техник, технологи бүхий инженерийн байгууламжийг;
4.1.7. “нийтийн зориулалттай төмөр зам” гэж төмөр замын суурь бүтэц бүхий нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, нийтэд тээврийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төмөр замыг;
4.1.8. “тусгай зориулалтын төмөр зам” гэж төмөр замын суурь бүтэц бүхий аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд зориулагдсан, гэрээний үндсэн дээр нийтэд тээврийн үйлчилгээ үзүүлэх төмөр замыг;
4.1.9. “салбар зам” гэж ачаа ачих, буулгах зам талбай, хүлээн авах, олгох, хадгалах үйлчилгээ үзүүлэх болон бусад зориулалттай байгууламж бүхий төмөр замыг;
4.1.10. “хөдлөх бүрэлдэхүүн” гэж тээвэрлэлтэд ашиглаж байгаа зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон, төмөр замаар явагч тусгай зориулалтын техник хэрэгслийг;
4.1.11. “хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч” гэж энэ хуулийн 4.1.10-д заасан техник хэрэгслийг эзэмшиж байгаа хүн, хуулийн этгээдийг;
4.1.12. “галт тэрэг” гэж чиглэлийн дугаар, зүтгүүр бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг;
4.1.13. "зорчигч" гэж төмөр замаар зорчиж буй зорчих тасалбар, түүнтэй адилтгах баримт бичигтэй хүнийг;
4.1.14. “ачаа” гэж вагон, чингэлгээр тээвэрлэхээр зохих журмын дагуу хүлээн авсан эд зүйлсийг;
4.1.15. “аюултай ачаа” гэж төмөр замын тээвэрлэлт, ачилт, буулгалт, хадгалалтын явцад хүний эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулах, тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжид эвдрэл, гэмтэл үүсгэх, улмаар тэсэрч, дэлбэрэх, шатах шинж чанартай, үхэл, хордлого, түлэгдэлт, өвчин, осол үүсгэж болзошгүй химийн бодис, бүтээгдэхүүн, эд зүйлсийг;
4.1.16. ”төмөр замын чиглэл” гэж төмөр замын эхлэл, төгсгөлийг тогтоосон байршлыг;
4.1.17. “төмөр замын чиг” гэж төмөр замын чиглэлийн дагуух солбилцлын цэгүүдийг;
4.1.18. “төмөр замын цариг” гэж төмөр замын хос зам төмрийн дотор талын ажлын ирмэг хоорондын зайг;
4.1.19. “галт тэрэгний хөдөлгөөний зурмаг” гэж галт тэрэгний явах, өнгөрөх, ирэх хугацааг заасан технологийн баримт бичгийг;
4.1.20. “төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон техник, тоног төхөөрөмжийг;
4.1.21. “төмөр замын аюулгүй байдал алдагдах” гэж төмөр замын технологийн горим зөрчигдсөнөөс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүн, хуулийн этгээдийн өмчид хохирол учруулах осол, зөрчлийг;
4.1.22. “төмөр замын өртөө” гэж галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, зорчигчдод үйлчлэх, ачаа, тээш, ачаан тээшийг хүлээн авах, олгох болон сэлгээний ажлыг хэвийн гүйцэтгэх зам, төхөөрөмж, байгууламж бүхий төмөр замын суурь бүтцийн хэсгийг;
4.1.23. “төмөр замын гарам” гэж төмөр зам авто замтай нэг түвшинд огтлолцсон уулзварыг;
4.1.24. “тусгай зориулалтын багаж, хэрэгсэл” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах хатуу бүртгэл, дугаар, хяналттай ашиглах багаж, хэрэгслийг;
4.1.25. “ачаан тээш” гэж хүн, хуулийн этгээдээс тээшийн вагоноор тээвэрлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн эд зүйлсийг;
4.1.26. “ачаан тээш” гэж хүн, хуулийн этгээдээс тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн эд зүйлсийг;
4.1.27. “тээш” гэж тээшийн вагоноор тээвэрлүүлэхээр зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн зорчигчийн эд зүйлсийг.
5 дугаар зүйл. Төмөр замын тээвэрт баримтлах зарчим
5.1. Төмөр замын тээвэрт дараах зарчмыг баримтална:
5.1.1. хөдөлгөөний нэгдсэн зохицуулалттай, тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулсан байх;
5.1.2. үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангасан, тогтвортой байх;
5.1.3. зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлийг бий болгож, тэгш оролцоог хангасан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1. Улсын Их Хурал төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж батлах, түүний биелэлтийг хянан шалгах;
6.1.2. төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
6.1.3. нийтийн зориулалттай төмөр замын чиглэл тогтоох;
6.1.4. энэ хуулийн 7.1.7-т заасан царигийн асуудлыг шийдвэрлэх.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1. Засгийн газар төмөр замын тээврийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах, хяналт шалгалт хийх;
7.1.2. техник, эдийн засгийн судалгаанд үндэслэн төмөр замын суурь бүтцийн чиг тогтоох;
7.1.3. төмөр замын зурвас газрын ашиглах хугацааг тогтоох;
7.1.4. төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
7.1.5. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
7.1.6. тусгай зориулалтын төмөр замын чиглэлийг тогтоох;
7.1.7. нийтийн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7.1.8. хууль тогтоомжид заасан бусад эрх.
7.2. Энэ хуулийн 7.1.4-т заасан түдгэлзүүлэх, сэргээх эрхээ Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж болно.
8 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
8.1.2. төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;
8.1.3. төмөр замын тээврийн салбар дахь төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөх болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу төрийг төлөөлөн хэрэгжүүлэх;
8.1.4. төмөр замын суурь бүтэц, салбар замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах;
8.1.5. энэ хуулийн 14.1.2-14.1.6-д заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
8.1.6. төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах;
8.1.7. улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой зарим төрлийн ачаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээвэрлэлтийн давуу байдал олгох.
9 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
9.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга төмөр замын тээвэртэй холбоотой дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. тухайн нутаг дэвсгэрт орших төмөр замын зурвас газар, түүний гадна байрлах төмөр замын байгууламжид нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын тээврийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
9.1.2. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг цэргийн албанд татахаас бусад Дайчилгааны тухай хуулийн 3.1.14-т заасан дайчилгаанд хамруулахгүй байх;
9.1.3. төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал, мод, ус ашиглах зөвшөөрлийг олгох;
9.1.4. төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсаны улмаас учирсан хор уршгийг арилгахад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.9-д заасан үйл ажиллагааг зохион байгуулах.
9.1.5. төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар олгох, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоожид нийцүүлэн шийдвэрлэх.
10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
10.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.
10.2. Төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
10.2.1. төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, сурталчлах;
10.2.2. төмөр замын техник технологитой холбоотой журам, аргачлал, горим, заавар, техникийн даалгавар, жагсаалт, загвар батлах;
10.2.3. төмөр замын суурь бүтцүүдийн хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих;
10.2.4. галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтцүүдийн хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах;
10.2.5. төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвийг нэгдсэн удирдлагаар хангах;
10.2.6. суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч хооронд болон суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг шаардлагатай тохиолдолд хянаж, санал, дүгнэлт гаргаж хэрэгжилтийг хангуулах;
10.2.7. төмөр замын тээврийн тарифыг хянах, санал, дүгнэлт гаргах;
10.2.8. төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон дүрэм, журам, норм, стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх᠋, хэрэгжилтийг хангуулах;
10.2.9. төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийн зэрэг, хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох;
10.2.10. төмөр замын тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
10.2.11. төмөр замын суурь бүтэц, салбар зам, барилга байгууламжийг барих, өргөтгөх ажиллагаанд хяналт тавих;
10.2.12. хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах талаар дүгнэлт гаргах, бүртгэх, дугаар, гэрчилгээ олгох;
10.2.13. төмөр замын суурь бүтэц, салбар замын хувийн хэрэг хөтлөх;
10.2.14. төмөр замын тээврийн статистик, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагад мэдээлэх;
10.2.15. төмөр замын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж хүн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох;
10.2.16. төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, гэрчилгээ олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах.
10.3. Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь энэ хуулийн 10.2.8 дахь заалтад заасан хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
10.4. Энэ хуулийн 10.3-т заасан байцаагчийн эрхийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ДҮРЭМ, ЖУРАМ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
11 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн дүрэм, журам
11.1. Төмөр замын тээврийн салбарт дараах дүрэм, журам, аргачлал, нормыг баталж мөрдүүлнэ:
11.1.1. төмөр замын техник ашиглалтын дүрэм;
11.1.2. төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм;
11.1.3. төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрэм;
11.1.4. галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;
11.1.5. төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам;
11.1.6. төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний журам;
11.1.7. төмөр замын осол, зөрчлийг шинжлэн шалгах журам;
11.1.8. төмөр замын дохиолол, холбооны журам;
11.1.9. галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг зохицуулалтын журам;
11.1.10. төмөр замын зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, огтлолцох журам;
11.1.11. хөдлөх бүрэлдэхүүн ашиглах журам;
11.1.12. Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам;
11.1.13. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөл, сахилгын тусгай журам;
11.1.14. төмөр замын гарам ашиглах журам;
11.1.15. төмөр замын тээвэрт тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашиглах журам;
11.1.16. төмөр замын тээврийн мэдээлэл бүртгэх, солилцох журам;
11.1.17. төмөр замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийн зэрэг болон хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох журам;
11.1.18. төмөр замын ажилтан албаны хувцас хэрэглэх журам;
11.1.19. төмөр замын суурь бүтэц, салбар замын үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг ашиглах журам;
11.1.20. төмөр замын тээврийн тариф тогтоох аргачлал;
11.1.21. төмөр замын барилгын ажлын төсвийн суурь норм;
11.1.22. тусгай тээвэрлэлтийн журам;
11.1.23. төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам;
11.1.24. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зорчих тусгай галт тэрэгний аялах журам;
11.1.25. Төмөр замын техник, технологийн баримт бичиг, норм, стандартын сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам;
11.1.26. Төмөр замын ажилтанд эрүүл мэндийн үзлэг хийх журам;
11.1.27. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам.
11.2. Энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.12, 11.1.14, 11.1.17, 11.1.20, 11.1.21, 11.1.25, 11.1.27-д заасан журмыг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 11.1.6, 11.1.10, 11.1.11, 11.1.13, 11.1.16, 11.1.18, 11.1.19-т заасан журмыг төрийн захиргааны байгууллага тус тус батална.
11.3. Төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 11.1.22, 11.1.23-т заасан журмыг тагнуулын байгууллагатай, энэ хуулийн 11.1.24-т заасан журмыг төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай, энэ хуулийн 11.1.26-д заасан журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тус тус хамтран батална.
11.4. Энэ хуулийн 11.1.15-д заасан журмыг төрийн захиргааны байгууллага тагнуулын байгууллагатай хамтран батална.
12 дугаар зүйл. Төмөр замын стандарт, тохирлын үнэлгээ
12.1. Төмөр замын тээврийн стандарт, тохирлын үнэлгээтэй холбоотой харилцааг энэ хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулна.
12.2. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан хэмжилт, оношлогооны багаж, техник, хэрэгсэлийн баталгаажуулалтыг Хэмжил зүйн тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйл. Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сан
13.1. Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсруулах, хэвлэж олшруулах, сурталчлах болон эдгээрийг зохион байгуулах зориулалт бүхий сантай /цаашид “сан” гэх/ байна.
13.2. Сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
13.2.1. төмөр замын суурь бүтцийг барих, засварлах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлого;
13.2.2. төмөр замын техникийн баримт бичиг, норм борлуулсны орлого;
13.2.3. төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартыг боловсронгуй болгох зорилгоор өгсөн хандив, тусламж.
13.3. Төмөр замын техникийн баримт бичиг, норм, стандартын сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
14 дүгээр зүйл. Төмөр замын тусгай зөвшөөрөл
14.1. Төмөр замын тусгай зөвшөөрөл дараахь төрөлтэй байна:
14.1.1. төмөр замын суурь бүтэц барих;
14.1.2. төмөр замын суурь бүтэц ашиглах;
14.1.3. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;
14.1.4. төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх;
14.1.5. төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
14.1.6. төмөр замын техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ.
14.2. Зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүний нөөцийн болон техникийн чадвартай эсэх, төмөр замын объект, үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
14.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 5.6, 5.7, 5.12, 5.13-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах нөхцөл шаардлагыг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
14.4. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах өргөдлийг хүлээн авч магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлж, шийдвэр гаргуулахаар ажлын 2 өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар зөвшөөрөл олгох, сунгах саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэрийг гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЗАР
15 дугаар зүйл. Төмөр замын тээврийн зориулалттай газар
15.1. Төмөр замын тээврийн зориулалттай газарт тусгай бүс, зурвас газар, хамгаалалтын бүс хамаарна.
15 .2. Энэ хуулийн 15.1-д заасан газрын хэмжээг стандартаар тогтооно.
15 .3. Төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх харилцааг энэ хуулийн 11.1.10-д заасан журмаар зохицуулна.
16 дугаар зүйл. Төмөр замын тусгай бүс
16.1. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий дэвсгэр газрыг төмөр замын тусгай бүсэд хамааруулна.
16.2. Төмөр замын тусгай бүсэд энэ хуулийн 11.1.10-т заасан журмаар тогтоосон дэглэмээс бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглоно.
17 дугаар зүйл. Төмөр замын зурвас газар
17.1. Төмөр замын шугамын дагуух технологийн үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах газар нь төмөр замын зурвас газарт хамаарна.
17.2. Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.
17.3. Төмөр замын аюулгүй байдалд саад учруулах, үзэгдэх орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол төмөр замын зурвас газрын мод, бут, өвс, ургамлыг шилжүүлэн суулгах, хадах арга хэмжээ авна.
17.4. Төмөр замын зурвас газарт төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
18 дугаар зүйл. Төмөр замын хамгаалалтын бүс
18.1. Төмөр замын суурь бүтцийг гадны сөрөг хүчин зүйл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төмөр замын аюулгүй байдал алдагдах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах зориулалт бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүсэд хамаарна.
18.2. Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах болон төмөр замыг өргөтгөх зориулалтаар хамгаалалтын бүсийг нэмэгдүүлж болно.
19 дүгээр зүйл. Төмөр замын цариг
19.1. Монгол Улсын төмөр замын сүлжээ, түүнд холбогдох буюу огтлолцох төмөр замын цариг ижил байна.
19.2. Хил дамнасан төмөр замын царигийн асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн шийдвэрлэнэ.
19.3. Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд царигийн асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭ, СУУРЬ БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
20 дугаар зүйл. Төмөр замын сүлжээ
20.1. Тээвэрлэлтийн төлөвлөлт, зохицуулалтын нэгдмэл системтэй, харилцан холбогдсон төмөр замын суурь бүтцүүдийг төмөр замын сүлжээ гэнэ.
20.2. Төмөр замын суурь бүтцүүдийг холбоход дараах шаардлагыг хангана:
20.2.1. галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт нэгдмэл, төвлөрсөн байх;
20.2.2. зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн бичиг баримттай байх;
20.2.3. цахим мэдээлэл солилцох нэгдмэл технологи, сүлжээтэй байх;
20.3. Төмөр замын сүлжээг хөгжүүлэхэд дараах хүчин зүйлийг харгалзана:
20.3.1. улсын нийгэм, эдийн засаг болон бүс нутгийн хөгжлийн бодлого;
20.3.2. хүн амын суурьшил, хот, суурин газрын байршил, ирээдүйн хөгжлийн төлөв;
20.3.3. ашигт малтмалын орд газрын байршил, нөөц, түүнийг ашиглах боломж;
20.3.4. олон улсын болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв;
20.3.5. аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, аялал жуулчлалын газар, нөөц газар, амралт, сувиллын газрын бүс нутгийн байршил;
20.3.6. эрчим хүч, холбоожуулалтын нэгдсэн тогтолцоо, тэдгээрийн хөгжлийн хэтийн төлөв;
20.3.7. газрын гадаргын хэв шинж, газар зүйн байршил, бартаажилт, инженер-геологийн нөхцөл;
20.3.8. тусгай хамгаалалтай газар нутгийн байршил, ирээдүйн төлөв.
21 дүгээр зүйл. Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл
21.1. Төмөр замын суурь бүтцийн зураг төсөл нь төмөр замын суурь бүтцийг барих, засварлахад шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, геологийн дүгнэлт, ус зүйн судалгаа, геодезийн хэмжилтийн тайлан, археологи, палеонтологийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, судалгаа, инженерийн тооцоо, нарийвчилсан зураг, төсөв, техникийн шаардлага зэргээс бүрдэнэ.
21.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулах төмөр замын суурь бүтцийн зураг төслийг гадаадын хуулийн этгээд боловсруулах тохиолдолд Монгол Улсын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэнэ.
21.3. Төмөр замын суурь бүтцийн зураг төслийг Монгол Улсын эрх бүхий этгээдээр магадлуулсан байна.
21.4. Төмөр замын суурь бүтцийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, магадлал хийх, техник, технологийн хяналт тавихтай холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.6-д заасан журмаар зохицуулна.
22 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажил
22.1. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.
22.2. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
23 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах
23.1. Төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулах ажиллагааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.
23.2. Ашиглалтад оруулах төмөр замын суурь бүтэц нь холбогдох хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
23.3. Захиалагч нь төмөр замын суурь бүтцийг Улсын комисс ажиллахаас өмнө дараах үүрэг бүхий техникийн комиссыг томилон ажиллуулна:
23.3.1. гүйцэтгэлийн зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгах;
23.3.2. тухайн төмөр замын суурь бүтэц батлагдсан зураг, төсөл, төсөв болон түүнд оруулсан өөрчлөлтийн дагуу баригдсан, суурилуулагдсан эсэхийг шалгах;
23.3.3. төмөр замын суурь бүтэц, түүний бүрдлийг шалгах, турших, акт, баримт, тайлан бүрдүүлж дүгнэлт гаргах.
23.4. Захиалагч нь төмөр замын суурь бүцийг ашиглалтад оруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
23.4.1. төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тайлан;
23.4.2. барилгын ил, далд ажлын акт;
23.4.3. зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
23.4.4. захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
23.4.5. төмөр замын суурь бүтцийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
23.4.6. төмөр замын суурь бүтцэд хийгдсэн хийц, бүтээцийн шинжтэй өөрчлөлтийн зураг төсөл, түүний зохиогчийн зөвшөөрөл, магадлалын дүгнэлт;
23.4.7. төмөр замын суурь бүтцийн гүйцэтгэлийн зураг;
23.4.8. техникийн комиссын үүрэг даалгаврын биелэлт;
23.4.9. төмөр замын суурь бүтцийн бүрдэл хэсгийн тоног төхөөрөмж угсарсан акт, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилуулсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт;
23.4.10. эрх бүхий байгууллагын гүйцэтгэсэн техник ашиглалтын түвшин тогтоох шалгалтын дүгнэлт;
23.4.11. бусад холбогдох баримт бичиг.
23.5. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 23.4-т заасан баримт бичиг нь шаардлага хангасан тохиолдолд төмөр замын суурь бүтцийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комиссыг томилно.
23.6. Энэ хуулийн 23.2-т заасан шаардлага хангасан төмөр замын суурь бүтцийг өртөө, зөрлөг хооронд хэсэгчлэн ашиглалтад оруулж болно.
23.7. Энэ хуулийн 23.6-д заасан төмөр замын суурь бүтцийг хэсэгчлэн ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.5-д заасан журмаар зохицуулна.
23.8. Ашиглалтад оруулаагүй төмөр замаар хүн тээвэрлэх, зорчигчийн галт тэрэг аялуулахыг хориглоно.
24 дүгээр зүйл. Төмөр замын суурь бүтцийн өмчлөл
24.1. Нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байна.
24.2. Улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарна.
24.3. Төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг түншлэлийн гэрээнд тусгасан байна.
24.4. Тусгай зориулалтын төмөр зам нь өмчийн аль ч хэлбэртэй байж болно.
25 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ
25.1. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:
25.1.1. галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах;
25.1.2. хөдлөх бүрэлдэхүүнийг сэлгэх, найруулах;
25.1.3. хөдлөх бүрэлдэхүүнд зэхэлт /эрчим хүч, түлш, шатахуун, ус, хийгээр хангах/ хийх;
25.1.4. хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг, үйлчилгээ хийх;
25.1.5. аюултай, овор ихтэй, хамгаалалттай ачаатай хөдлөх бүрэлдэхүүн, хүнд жинтэй болон урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд хяналт тавих;
25.1.6. галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцох, хангах;
25.1.7. төмөр замын тээврийн ашиглалттай холбоотой дохиолол холбоо, мэдээлэл, сүлжээ, програм хангамжаар хангах.
26 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд тавигдах шаардлага
26.1. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд дараах шаардлага тавигдана
26.1.1. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, техникийн баримт бичиг, стандартын шаардлагад нийцсэн байна.
26.1.2. Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид хоорондоо энэ хуулийн 10.2.6-т заасан галт тэрэг чөлөөтэй нэвтрүүлэхэд чиглэгдсэн тээвэрлэлттэй холбоотой нөхцөлийг тусгасан гэрээ байгуулсан байна.
26.1.3. Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь хөдлөх бүрэлдэхүүний эргэлтийг зохион байгуулах, засвар үйлчилгээ болон тээвэрлэлттэй холбоотой харилцааг зохицуулсан суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байна.
26.1.4. энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг энэ хуулийн 11.1.19-т заасан журмаар батална.
26.1.5. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвтэй байна.
26.1.6. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөтгөл, шинэчлэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хөтөлбөрийг агуулсан дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй байна.
26.2. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, нэгдсэн технологийн горимыг энэ хуулийн 11.1.9-т заасан журмаар зохицуулна.
26.3. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь суурь бүтцийн үйлчилгээг тэгш эрхийн зарчмыг баримтлан гэрээний үндсэн дээр нийтэд үзүүлнэ.
26.4. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах, аливаа этгээдэд давуу байдал олгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах, өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглоно.
26.5. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна.
27 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
27.1. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах эрхтэй:
27.1.1. төмөр замын суурь бүтцийн төлбөртэй үйлчилгээ үзүүлэх;
27.1.2. өөрийн төмөр замын суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөний зурмаг батлах, хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх;
27.1.3. тээвэрлэгчийн тээвэрлэлтийн технологи, хөдлөх бүрэлдэхүүний техникийн үзүүлэлт, техникийн байдал нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахгүй, суурь бүтцийн хүчин чадлаас хэтэрсэн тохиолдолд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
27.1.4. энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлэх;
27.1.5. өөрийн төмөр замын суурь бүтцийг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэх зорилгоор галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах, түр хаах эрхтэй.
27.2. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах үүрэгтэй:
27.2.1. төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, холбогдох бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартыг дагаж мөрдөх;
27.2.2. энэ хуулийн 26.1.2, 26.1.3-т заасан гэрээ байгуулах;
27.2.3. галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмагт нийцүүлэн зохион байгуулах;
27.2.4. салбар зам эзэмшигчтэй гэрээ байгуулж, сэлгээний хөдөлгөөнийг зохион байгуулах;
27.2.5. төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;
27.2.6. төмөр замын аюулгүй байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах;
27.2.7. энэ хуулийн 11.1.16-д заасан журмын дагуу шаардлагатай мэдээ, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
27.2.8. энэ хуулийн 27.1.5-т заасан галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан, түр хаасан тохиолдолд нийтэд мэдээлэх;
27.2.9. тусгай зориулалтын төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь гэрээний үндсэн дээр суурь бүтцийн үйлчилгээг нийтэд үзүүлэх.
27.3. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.
28 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтцийн хувийн хэрэг
28.1. Төмөр замын суурь бүтэц нь гүйцэтгэлийн зураг, төсөл, төсөв, барилгын ил, далд ажлын акт, суурь бүтэц барих ажлын явцын баримт бичиг, чанарт холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгээс бүрдсэн хувийн хэрэгтэй байна.
28.2. Төмөр замын суурь бүтэц өмчлөгч суурь бүтцийн хувийн хэргийг төмөр замын тээврийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ.
29 дүгээр зүйл. Төмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг хаах, нээх
29.1. Төмөр замын суурь бүтцийн хөдөлгөөнийг хаах, нээх асуудлыг энэ хуулийн 11.1.19-д заасан журмаар зохицуулна.
29.2. Олон улсын тээвэрт төмөр замын чиглэлийг нээх, хаах асуудлыг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.
30 дугаар зүйл. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
30.1. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
31 дүгээр зүйл. Төмөр замын суурь бүтцийг бусад дэд бүтэц, байгууламжтай уялдуулах
31.1. Төмөр замын суурь бүтцийг шинээр барих, шинэчлэн сайжруулахад авто зам болон бусад төрлийн суурь бүтэцтэй ижил түвшинд огтлолцуулахгүй, ашиглаж буй төмөр замын суурь бүтцийн чиг, хэвгийг өөрчлөхгүй байх зарчим баримтална.
31.2. Төмөр замын суурь бүтэц нь бусад дэд бүтэцтэй огтлолцох тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.
31.3. Төмөр замын зориулалттай газарт баригдах хий, газрын тос дамжуулах хоолой, инженерийн шугам сүлжээ, авто зам, барилга байгууламж нь төмөр замын сүлжээний төлөвлөлттэй уялдсан байна.
32 дугаар зүйл. Салбар зам
32.1. Салбар замын үйлчилгээнд ачилт буулгалтын зам, талбайд хөдлөх бүрэлдэхүүн татах, тавих, сэлгээний ажил хийх, ачаа, чингэлэг ачих, буулгах, шилжүүлэх, хадгалах зэрэг үйл ажиллагаа хамаарна.
32.2. Салбар замтай холбоотой харилцааг 11.1.19-т заасан журмаар зохицуулна.
32.3. Салбар замын холболтын цэгийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
32.4. Салбар зам, түүний байгууламж, төхөөрөмж, ачаа ачих, буулгах зам, талбай нь галт тэрэгний хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага, холбогдох төмөр замын тээврийн дүрэм, журам техникийн баримт бичиг, норм, стандартын шаардлагыг хангасан байна.
32.5. Салбар зам эзэмшигч болон төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хоорондын харилцааг тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
32.6. Салбар зам нь зам болон ачих, буулгах тоног төхөөрөмжийн техникийн паспорт, замын дагуу огтлолцлын гүйцэтгэлийн зураг, хиймэл төхөөрөмжийн зураг, эрх бүхий байгууллагын дүгнэлт, байнгын ашиглалтад хүлээж авсан болон ашиглалтын явцын засвар үйлчилгээний талаарх бичиг баримтаас бүрдсэн хувийн хэрэг хөтөлнө.
32.7. Салбар зам өмчлөгч, эзэмшигч нь хүн, хуулийн этгээдэд салбар замын үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүй татгалзах, өөрийн салбар замаар дамжин холбогдож байгаа бусад салбар зам эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулах, давуу байдал олгохыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ
33 дугар зүйл. Төмөр замын тээвэрлэлтийн төрөл
33.1. Төмөр замын тээвэрлэлт дараах төрөлтэй байна:
33.1.1. зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэлт;
33.1.2. ачаа тээвэрлэлт;
33.1.3. тусгай тээвэрлэлт.
33.2. Төмөр замаар зорчигч тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.3-т заасан, ачаа тээвэрлэх харилцааг энэ хуулийн 11.1.2-т заасан дүрмээр, тусгай тээвэрлэлт хийх харилцааг энэ хуулийн 11.1.22-т заасан журмаар тус тус зохицуулна.
34 дүгээр зүйл. Тээвэрлэгчид тавигдах шаардлага
34.1. Тээвэрлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
34.1.1. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;
34.1.2. зүтгүүртэй байх;
34.1.3. вагонтой байх;
34.1.4. салбар замтай байх;
34.1.5. засвар, үйлчилгээний газартай байх;
34.2. Тээвэрлэгч нь энэ хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.5-т заасныг түрээсийн эсхүл ашиглалтын гэрээгээр хэрэгжүүлж болно.
34.3. Тээвэрлэгч нь гэрээний дагуу суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн ашиглах, тээвэрлэлтийг зохион байгуулах эрхтэй.
34.4. Тээвэрлэгч нь энэ хуулийн 26.1.3-т заасан суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулах, хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон ашиглалтын аюулгүй байдлыг хангах, шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэх зорилгоор хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохгүй байх үүрэгтэй.
34.5. Тээвэрлэгч нь төмөр замын ачаа эргэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй байна.
34.6. Тээвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжтэй байна.
34.7. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа илгээгч, хүлээн авагчийн зөвшөөрөлгүй хаяг солихыг хориглоно.
34.8. Тээвэрлэгч нь энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журамд зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.
34.9. Тээвэрлэгч нь ачаа илгээгч, ачаа хүлээн авагч хүн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн вагоныг зөвшөөрөлгүй тээвэрлэлтэд ашиглахыг хориглоно.
35 дугаар зүйл. Тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах
35.1. Төмөр замын тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол барагдуулах, түүнтэй холбоотой маргааныг Иргэний хууль, төмөр замын тээврийн дүрэм, журам болон гэрээгээр зохицуулна.
36 дугаар зүйл. Тээврийн акт тогтоох
36.1. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа дутах, гэмтэх, муудах тохиолдолд ачаа илгээгч, ачаа хүлээн авагчтай хамтран бодит хохирлын хэмжээг тээврийн актаар тогтооно.
36.2. Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад тохиолдолд тээвэрлэгчийн тээврийн акт тогтоох ажиллагаанд хөндлөнгийн этгээдийг оролцуулж болно.
36.3. Тээвэрлэгчийн тээврийн актын загвар, түүнийг үйлдэх зааврыг энэ хуулийн 11.1.2, 11.1.3-т заасан дүрмээр тогтооно.
36.4. Тээвэрлэгч дараах нөхцөлд ачаа, тээш, ачаан тээшийг олгох үед тээврийн акт тогтооно:
36.4.1. тээвэрлэлтийн бичиг баримтад заасан жин, байрын тоо, нэр зөрсөн;
36.4.2. ачаа, тээш, ачаан тээш гэмтсэн, муудсан, үрэгдсэн;
36.4.3. бичиг баримтгүй ачаа, тээш, ачаан тээш илэрсэн;
36.4.4. ачаа, тээш, ачаан тээшгүй тээвэрлэлтийн бичиг баримт илэрсэн;
36.4.5. хулгайлагдсан ачаа, тээш, ачаан тээшийг тээвэрлэгчид буцаан өгсөн;
36.4.6. хөдлөх бүрэлдэхүүн, чингэлгээс ачаа олгох бичиг баримт үйлдсэнээс хойш 24 цагийн дотор тээвэрлэгч ачааг буулгалтын замд тавиагүй тохиолдолд ачаа хүлээн авагчийн шаардлагаар.
37 дугаар зүйл. Тусгай тээвэрлэлт
37.1. Тусгай тээвэрлэлтэд цэргийн, онцгой нөхцөл байдлын үеийн тээвэрлэлт хамаарна.
37.2. Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
38 дугаар зүйл. Аюултай ачааны тээвэрлэлт
38.1. Төмөр замаар аюултай ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, тээвэрлэх, буулгах, шилжүүлэх, хадгалах үйл ажиллагааг энэ хуулийн 11.1.23-т заасан журмаар зохицуулна.
38.2. Аюултай ачааны ачилт, буулгалт хийх зориулалттай өртөөг сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно.
38.3. Аюултай ачаа ачиж, буулгах үйл ажиллагааг зориулалтын тоног төхөөрөмж бүхий зам, талбайд стандартын шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
38.4. Зорчигчийн галт тэргэнд аюултай ачаа биедээ авч явахыг хориглоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН
39 дүгээр зүйл. Хөдлөх бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
39.1. Хөдлөх бүрэлдэхүүн нь төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн зохицуулалт, норм, стандартад нийцсэн байна.
39.2. Хөдлөх бүрэлдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар, гэрчилгээ авсан байна.
39.3. Хөдлөх бүрэлдэхүүн нь технологийн болон хөдөлгөөний хяналтын системд холбогдох боломжоор хангагдсан байна.
39.4. Хөдлөх бүрэлдэхүүн нь тогтоосон хугацаанд засвар, үйлчилгээнд хамрагдсан байна.
39.5. Хөдлөх бүрэлдэхүүн, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
39.6. Энэ хуулийн 39.5-д заасан эрх бүхий этгээд нь хийсэн засвар, үйлчилгээндээ чанарын баталгаа гаргана.
40 дүгээр зүйл. Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг
40.1. Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг гэрээний үндсэн дээр тээвэрлэгчид ашиглуулах, тээвэрлэлтийн ажлын технологи, төмөр замын суурь бүтцийн техникийн байдал нь хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд сөргөөр нөлөөлөх бол үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
40.2. Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хөдлөх бүрэлдэхүүнд засвар, техникийн үйлчилгээ хийх үүрэгтэй.
40.3. Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглаагүй үед байрлуулах өөрийн эзэмшлийн болон түрээсээр ашиглах салбар замтай байна.
41 дүгээр зүйл. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт
41.1. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хуулийн 11.1.11-т заасан журмаар зохицуулна.
41.2. Хөдлөх бүрэлдэхүүний хийц бүтээцийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй өөрчлөхийг хориглоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
42 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах
42.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдал нь төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
42.2. Төрийн захиргааны байгууллага, төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомж, төмөр замын дүрэм, журам, техникийн баримт бичиг, норм, стандартын хэрэгжилт болон төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.
42.3. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь байгалийн гамшиг, төмөр замын аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, суурь бүтцийг сэргээн босгох зориулалтын машин механизм, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, материалын нөөцийг бүрдүүлсэн байна.
42.4. Төмөр замын тээврийн байгууллага, салбар зам эзэмшигч нь хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түргэн шуурхай хэрэгжүүлнэ.
42.5. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
42.6. Төмөр замын тээврийн байгууллага нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
42.6.1. зорчигч аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;
42.6.2. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
42.6.3. ачааг аюулгүй, бүрэн бүтэн, найдвартай тээвэрлэх;
42.6.4. төмөр замын тээврийн байгууллагын ажилтны аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
42.6.5. хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй ажиллах.
42.7. Төмөр замын суурь бүтцийг эрчим хүчээр тасалдалгүй хангах онцгой объект гэж үзнэ.
43 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлага
43.1. Төмөр замын суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгсэл нь энэ хууль болон төмөр замын тээврийн дүрэм, журам, техникийн баримт бичиг, стандарт, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байна.
43.2. Энэ хуулийн 43.1-д заасан шаардлагыг хангаагүй суурь бүтэц, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслийг ашиглахыг хориглоно.
43.3. Төмөр замын зориулалтын гарам, гарцгүй газраар нэвтрэх, зурвас газарт мал бэлчээхийг хориглоно.
43.4. Төмөр замын гармын аюулгүй байдлыг төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон салбар зам эзэмшигч хариуцна.
43.5. Төмөр замын тээвэрт тусгай зориулалтын багаж, хэрэгсэл ашиглах харилцааг энэ хуулийн 11.1.15-д заасан журмаар зохицуулна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАРИФ, ДААТГАЛ
44 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн тариф
44.1. Төмөр замын тээврийн байгууллага нь энэ хуулийн 11.1.20-т заасан аргачлалын дагуу тариф тогтооно.
44.2. Төмөр замын тээврийн байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн тарифт өөрчлөлт оруулахыг хориглоно
44.3. Тарифын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
44.4. Төмөр замын тээврийн байгууллага нь зорчигч болон ачаа тээврийн тарифыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд албан ёсоор мэдээлэхгүйгээр мөрдөхийг хориглоно.
45 дугаар зүйл. Төмөр замын тээврийн даатгал
45.1. Төмөр замын тээврийн байгууллага нь дараах ажилтныг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна:
45.1.1. галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой;
45.1.2. төмөр замын аюултай бүсэд ажилладаг; 45.1.3.галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцэд хяналт, шалгалт хийдэг; 45.1.4.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг турших, оношлох ажилд оролцдог.
45.1.3. галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцэд хяналт, шалгалт хийдэг;
45.1.4. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг турших, оношлох ажилд оролцдог.
45.2. Энэ хуулийн 45.1-т заасан даатгалын зардлыг ажил олгогч хариуцна.
45.3. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг, төмөр замаар тээвэрлэх ачааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу даатгалд хамруулж болно.

АРАВДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА
46.1. Төмөр замын тээврийн салбарын ажилтныг ажил, чиг үүргээс нь хамааруулан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд ба шууд бус холбоотой гэж ангилах бөгөөд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөлийг энэ хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж болон энэ хуулийн 11.1.13-т заасан журмаар зохицуулна.
46.2. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан ажилд анх орохдоо эмнэлгийн урьдчилсан үзлэгт, ажил гүйцэтгэх явцад хугацаат үзлэгт хамрагдах үүрэгтэй.
46.3. Төмөр замын ажилтан дүрэмт хувцас хэрэглэх бөгөөд энэ хуулийн 11.1.18-т заасан журмаар зохицуулна.
47 дугаар зүйл. Ажилтны нийгмийн баталгаа
47.1. Төмөр замын тээврийн байгууллагын ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
47.1.1. төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
47.1.2. энэ хуулийн 47.1.1-д заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг ажил олгогч хариуцах бөгөөд буцалтгүй тэтгэмж олгох асуудлыг тухайн төмөр замын тээврийн байгууллага дотоод журмаар зохицуулах;

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
48 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
48.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
48.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
49 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
49.1. Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх