Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 5-р сарын 29 өдөр
Ulaanbaatar city
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)
Шинэчилсэн найруулга

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого, зарчмыг тодорхойлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангах, ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж
2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Химийн хорт болон аюулгүй бодисын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хуулиар дараах хүн, хуулийн этгээдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн харилцааг зохицуулна:
3.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч;
3.1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт заасан хүн;
3.1.3. хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, сонсогч, оюутан цэрэг, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
3.1.4. ял эдэлж байгаа хоригдол.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;
4.1.2. “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажил үүргээ гүйцэтгэх чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны хими, физик, биологи, эргономикийн сөрөг хүчин зүйлийн өртөлтийг стандартын дагуу хэмжиж, зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэх хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагааг;
4.1.3. “ажлын байрны хөдөлмөрийн хэвийн нөхцөл” гэж ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлс ажилтны ажил үүргээ гүйцэтгэх чадвар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байхыг;
4.1.4. “ажлын байрны аюултай хүчин зүйл” гэж хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт сөргөөр нөлөөлж ажил, хөдөлмөртэй холбоотой гэмтэл бэртэл, өвчин, хордлого үүсгэх үр дагавар бүхий ажлын байрны хүчин зүйлийг;
4.1.5. “ажил хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчин” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон ажлын байрны сөрөг хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бэртэл гэмтэл, өвчнийг;
4.1.6. “аюултай тохиолдол” гэж ажилтанд бэртэл гэмтэл, өвчин үүсгэх эсхүл нас баралтад хүргэх өндөр эрсдэл бүхий ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг;
4.1.7. "ажлын тусгай хувцас" гэж ажлын байрны аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
4.1.8. “мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2.1.1-д заасныг;
4.1.9. "өндөр эрсдэлтэй ажлын байр" гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэх магадлал ихтэй болох нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон ажлын байрыг;
4.1.10. "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах ажлын байрны аюултай хүчин зүйлийн үйлчлэлд өртөж гэмтэж, өвчилсөн эсхүл амь насаа алдахыг;
4.1.11. "хөдөлмөрийн аюулгүй байдал" гэж хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай ажлын байрны хүчин зүйлийг арилгах, ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
4.1.12. ”хөдөлмөрийн эрүүл мэнд” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбод өөрчлөлт орж, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.13. ”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” гэж хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай болон сөрөг нөлөөлөл бүхий ажлын байрны хүчин зүйлийг арилгах, бэртэл гэмтэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн нэгдмэл үйл ажиллагааг;
4.1.14. ”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт” гэж ажилтныг ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчнөөс хамгаалах зорилгоор инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцүүлэн төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахыг;
4.1.15. "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ" гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх ажлын байрны аюултай, сөрөг хүчин зүйлийг илрүүлэх, түүний эрсдэлийг стандарт, аргачлалаар үнэлэх үйл явцыг;
4.1.16. “хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг” гэж ажлын байрны аюултай, сөрөг хүчин зүйлээс шалтгаалан хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг тогтоох, ажил үүргээ гүйцэтгэх чадварыг магадлах, ажил мэргэжлийн тохироог тодорхойлох, ажил хөдөлмөртэй холбоотой өвчин, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгийг;
4.1.17. “хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд хөдөлмөрийн нөхцөл нь сөргөөр нөлөөлж буй эсэхийг хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт үндэслэн тодорхойлж, ажил, хөдөлмөртэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн үндэслэл, нотолгоог бий болгох үйл ажиллагааг;
4.1.18. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн” гэж тухайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн цогц чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэн, дээд боловсролтой хүнийг;
4.1.19. “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан” гэж аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомж, шаардлагын дагуу зохион байгуулах мэдлэг, чадамж бүхий хүнийг;
4.1.20. “химийн хорт болон аюултай бодис” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасныг;
4.1.21. "хувийн хамгаалах хэрэгсэл" гэж хөдөлмөрлөх явцад ажлын байрны аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хүнийг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг.
5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого, зарчим
5.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
5.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.2.1. Монгол Улсад мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага нэгдмэл байх;
5.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих;
5.2.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА
6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг тогтоох
6.1. Хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд мөрдөгдөх шаардлага, хэм хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартаар тогтооно.
6.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх бусад хууль тогтоомжид заасан шаардлага нь энэ хуулиар тогтоосон хэм хэмжээтэй нийцсэн байна.
6.3. Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, хүчингүй болгоход хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна.
7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг эзэмших, ашиглахад тавих шаардлага
7.1. Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангасан байна.
7.2. Ажил олгогч барилгын ажил хийх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, турших, засвар хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангасан байна.
7.3. Барилга байгууламжийн зураг төсөл нь тухайн барилга байгууламжийн барилга барилга угсралтын ажлын явцад ажилтны аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангана.
7.4. Барилга байгууламж болон барилга байгууламжид тогтмол суурилуулж, салгаж шилжүүлэхгүйгээр ашиглах зориулалтын үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хоёр буюу түүнээс дээш хүн, хуулийн этгээд хамтран эзэмших, эсхүл ашиглах бол эзэмшигч, ашиглагч дараах шаардлагыг хангах үүрэгтэй:
7.4.1. эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж ажиллах талаар харилцан тохиролцож, гэрээнд тусгах;
7.4.2. үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис хэрэглэж байгаа эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан мэдээлж, аюулгүй байдлыг хангах хамтарсан арга хэмжээ авах.
7.5. Энэ хуулийн 7.4.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламж болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг эзэмшигч, ашиглагч зэрэгцэн эзэмшихийг хориглоно.
7.6. Энэ хуулийн 7.4.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал хариуцна.
Тайлбар:. Энэ зүйлд заасан "үйлдвэрлэлийн орчин" гэдэгт аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг ойлгоно.
8 дугаар зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
8.1. Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч, хүн, хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл зэрэг бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;
8.1.2. машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;
8.1.3. машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийх.
8.2. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.
8.3. Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, тохиолдож болзошгүй осол, бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.
8.4. Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.
8.5. Энэ хуулийн 8.1-8.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
9 дүгээр зүйл. Өргөх байгууламжид тавих шаардлага
9.1. Өргөх байгууламжийг эзэмшигч, ашиглагч хүн, хуулийн этгээд нь өргөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
9.2. Өргөх байгууламжид мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байх бөгөөд өргөх, зөөх ажиллагааг сургалтад хамрагдсан ажилтан удирдана.
9.3. Өргөх байгууламж ашиглагч хүн, хуулийн этгээд нь засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.
9.4. Зориулалтын бус өргөх төхөөрөмжөөр хүнийг өргөх, буулгах, тээвэрлэх үйлдэл хийхийг хориглоно.
9.5. Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг ажил олгогч хангасан байна.
Тайлбар:. Энэ зүйлд заасан “өргөх байгууламж” гэдэгт босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ойлгоно.
10 дугаар зүйл. Уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойд тавих шаардлага
10.1. Уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолой угсрах, ашиглах хүн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1. уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах холбогдох зөвшөөрлийг авсан байх;
10.1.2. уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх;
10.1.3. уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойн ашиглалтын үед осол, гэмтэл, саатлаас шалтгаалан ажилтан, бусад хүн бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах.
11 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцан ажиллахад тавих шаардлага
11.1. Химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодис, материал үйлдвэрлэдэг, ашигладаг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах талаар дараах шаардлагыг хангасан байна:
11.1.1. химийн хорт болон аюултай бодисын хууль тогтоомжийн дагуу ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажлын байрандаа химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодисыг үйлдвэрлэдэг, ашигладаг болон завсрын бүтээгдэхүүн, хаягдал хэлбэрээр ялгаруулдаг бол эдгээр бодисын бүртгэл, тэмдэглэлийг хөтлөх;
11.1.2. химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцдаг, нөлөөлөлд нь дам өртдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилтныг хор аюулын мэдээллээр хангаж, аюулгүй ажиллах, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, дадлыг олгох сургалтыг зохион байгуулсан байх;
11.1.3. химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодис үйлдвэрлэдэг, ашигладаг болон завсрын бүтээгдэхүүн, хаягдал ялгаруулдаг ажлын байранд ажилладаг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд богино болон урт хугацаанд учирч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийж, түүнийг арилгах, бууруулах инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
11.1.4. Монгол Улсад ашиглах, хэрэглэхийг хязгаарласан химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцан ажилладаг ажилтны бүртгэлийг хөтөлж, тухайн ажилтны өртөлтийг үнэлсэн хэмжилтийн дүн, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн тайланг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цахим удирдлагын системд жил бүр илгээх.
11.2. Ажил олгогч нь стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн химийн хорт ба аюултай бодисын өртөлт бүхий ажлын байранд ажилтныг ажиллуулахыг хориглоно.
11.3. Химийн хорт болон аюултай бодис хэрэглэх, харьцан ажиллахтай холбоотой аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна.
11.4. Химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.
11.5. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, худалдаалах, түгээх, цэнэглэх, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах шаардлагыг тавина:
11.5.1. химийн болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг баримтлах;
11.5.2. аюултай ачаа илгээгч нь гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааврыг батлуулж, тээвэрлэгч байгууллага, жолооч, дагалдан яваа ажилтанд танилцуулж, баталгаажуулах;
11.5.3. шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч авто тээврийн хэрэгслийн торх нь даралтат савны стандартыг хангаж, хяналтын байгууллагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах;
11.5.4. шингэрүүлсэн шатдаг хий, аюултай ачаа тээвэрлэх маршрутыг замын хөдөлгөөний эрчим, бартаа саад бага байхаар сонгож, тээвэрлэх цэг, хугацаа, замын хөдөлгөөнд оролцох чиглэлийг орон нутгийн онцгой байдлын болон замын цагдаагийн албанд мэдэгдэж, зөвшилцөх, аюулгүй тээвэрлэх зөвлөмж, даалгавар авах;
11.5.5. аюултай ачаа тээвэрлэх, онцгой ажил гүйцэтгэх бүрд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
11.5.6. автомашинд хий түгээх станц нь орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас ерөнхий сүлжээний авто замын хөвөө, захаас галын аюулгүй байдлын зайг хангах.
Тайлбар:. Энэ зүйлд заасан “хордлого” гэдэгт химийн хорт болон цацрагт идэвхт бодисын нөлөөгөөр цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно.
12 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага
12.1. Энэ хуулийн 3.1-д заасан этгээд нь Галын аюулгүй байдлын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалтыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.
12.2. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрд байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.
12.3. Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйл. Хязгаарлагдмал орчинд тавих шаардлага
13.1. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь өөрийн эзэмшлийн барилга, байгууламж болон ажил, үйлчилгээ явуулдаг ажлын байран дахь хязгаарлагдмал орчныг тодорхойлон бүртгэнэ.
13.2. Хязгаарлагдмал орчинд ажил, үйлчилгээ явуулах үед ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, арилгах эсхүл хяналтад авах арга хэмжээг ажил олгогч хэрэгжүүлнэ.
Тайлбар:. Хязгаарлагдмал орчин гэдэгт хүн байнга ажиллах зориулалтгүй, орц, гарц хязгаарлагдмал, агааржуулалт хангалтгүй, шугам хоолойн худаг, бохирын шугам, нөөц сав зэрэг хагас эсвэл бүтэн хаалттай орчнууд хамаарна.
14 дүгээр зүйл. Өндрийн ажлын аюулгүй байдалд тавих шаардлага
14.1. Ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь өндрийн түвшний зөрүүтэй байрлал болон өндөрт ажил үүрэг гүйцэтгэхэд ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1. сургалтад хамрагдаж өндөрт аюулгүй ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн хүнийг ажиллуулах, шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслээр хангах;
14.1.2. өндрийн ажлыг эхлүүлэхээс өмнө өөрийн болон бусад хүний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.3. ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг уналтаас хамгаалах тоног төхөөрөмжийг зөв сонгон суурилуулж, засвар үйлчилгээ хийж, баталгаат байдлыг тогтмол шалгаж, хяналт тавих;
14.1.4. үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах.
15 дугаар зүйл. Хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлд тавих ерөнхий шаардлага
15.1. Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл нь ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт богино болон урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангана.
15.2. Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг стандарт, аргачлалаар хийсэн хэмжилт, үнэлгээнд үндэслэн тодорхойлно.
16 дугаар зүйл. Биологийн хүчин зүйлд тавих шаардлага
16.1. Ажил олгогч нь хүнд халдварлах, өвчин үүсгэх сөрөг нөлөөтэй нян, вирус, мөөгөнцөр, шимэгч, биологийн гаралтай хорт бодис болон тэдгээрийг агуулсан материал, хаягдалтай харьцдаг ажил, албан тушаалын бүртгэлийг хөтөлнө.
16.2. Энэ хуулийн 16.1-д заасан ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтны ажлын байрны эрсдэлийг арилгах, бууруулах, хяналтад авах арга хэмжээг ажил олгогч хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйл. Эргономикийн хүчин зүйлд тавих шаардлага
17.1. Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажлын байрны зохион байгуулалт, багаж, хэрэгсэл, бараа материалын савлагаа, жин, хөдөлмөрлөх үеийн ажилтны биеийн байрлал, олон давтагдах үйлдэл бүхий ажил, ажлын нэг үйлдлийн үргэлжлэх хугацаа нь урт болон богино хугацаанд ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангасан байна.
18 дугаар зүйл. Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага
18.1. Ажил олгогч нь ажлын байрны аюул, эрсдэлийг инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээгээр бүрэн арилгах эсхүл бууруулах боломжгүй тохиолдолд стандартын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг ажилтанд олгож, зохистой хэрэглээнд хяналт тавина.
18.2. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг сонгохдоо ажлын байран дахь аюултай хүчин зүйлсийн шинж чанар, өртөлтийн болон эрсдэлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, бусад хамгаалах хэрэгсэлтэй хамт хэрэглэх байдлыг харгалзана.
18.3. Ажил олгогч нь ажилтанд олгох ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нэр, төрөл бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
18.4. Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг турших, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, худалдаж авах, хадгалах, цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
18.5. Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл нь стандартад нийцсэн байна.
18.6. Ажил олгогч эсхүл ажилтан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
19 дүгээр зүйл. Ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн орчин
19.1. Ажил олгогч ажил үүргийн хуваарилалт, төлөвлөлт, ачаалал болон ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд хоорондын харилцаа, байгууллагын соёл нь ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хувь хүний ажил, амьдралын зохистой тэнцвэрийг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
19.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6,7 дугаар зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлж, ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ.
20 дугаар зүйл. Ажлын байрны эрүүл ахуйн тусгай шаардлага
20.1. Ажил олгогч нь ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран ажлын байрны эрүүл ахуйн дараах тусгай шаардлагыг хангана:
20.1.1. халуун, хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг гадаа, халаалтгүй орчинд ажиллаж байгаа ажилтныг түр завсарлах, амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож, тохижуулсан амрах байраар хангах;
20.1.2. халуун, хүйтэн нөхцөл болон гадаа ажилладаг ажилтныг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах;
20.1.3. хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах;
20.1.4. ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын ахуйн байраар хангах.
20.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон, орц, гарц, шат, ариун цэврийн өрөөгөөр саадгүй нэвтрэх боломжоор хангагдсан байна.
20.3. Гамшиг, ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах төлөвлөгөөтэй, түүнийг хэрэгжилтийн бэлэн байдлыг хангасан, зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО
21 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо
21.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага түүний харьяа аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний болон салбар хороо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага, холбоо, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, ажилтнаас бүрдэнэ.
22 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
22.1. Улсын Их Хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
22.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх үндэсний бодлогыг тодорхойлох;
22.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх;
22.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.
23 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
23.1. Засгийн газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
23.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
23.1.2. өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах;
23.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
23.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйл. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
24.1. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
24.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрийн захиргааны хяналтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
24.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
24.1.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн хүний нөөцийн бодлого, хэрэгцээг тодорхойлж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
24.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
24.1.6. гадаад улстай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын гэрээ конвенцод нэгдэх асуудлыг судлах, шийдвэрлүүлэх;
24.1.7. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
24.1.8. хуульд заасан бусад бүрэн эрх.
25 дугаар зүйл. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
25.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1. мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд сэргээн засах, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
25.1.2. мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх, статистик мэдээллийн сан үүсгэх, харилцан мэдээлэл солилцох;
25.1.3. хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн индексийг батлах;
25.1.4. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх;
25.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
Тайлбар:. Энэ зүйлд заасан хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтэн гэдэг хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд судлал, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эрүүл мэндийн мэргэжилтнийг ойлгоно.
26 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний хороо, түүний бүрэн эрх
26.1. Төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогч, ажилтны эрх ашгийг хамгаалах болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний хороо /орон тооны бус/-г /цаашид “Үндэсний хороо” гэх/ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хороог тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд тус тус байгуулж ажиллуулна.
26.2. Үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг талуудын саналыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дарга, салбар хороо, зөвлөлийн дүрмийг Үндэсний хорооны дарга тус тус батална.
26.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 15.4-т заасан аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь тухайн орон нутгийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар нийгмийн түншлэлийг хэрэгжүүлнэ. Сум, дүүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөлийг Засаг даргын шийдвэрээр байгуулж болно.
26.4. Үндэсний хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.4.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж гаргах;
26.4.2. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үр дүнтэй танилцах;
26.4.3. олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцод нэгдэн орох асуудлаар санал, зөвлөмж боловсруулах;
26.4.4. нийгмийн түншлэлийн талуудын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах.
26.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь Үндэсний хорооны ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
26.6. Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хорооны үйл ажиллагааны зардлыг уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тус тус тусгана.
27 дугаар зүйл. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
27.1. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
27.2. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
27.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг ажил олгогч, иргэдэд сурталчлах;
27.2.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системээр дамжуулан холбогдох мэдээллийг ажил олгогчоос авах;
27.2.4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
27.2.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналт хэрэгжүүлэх;
27.2.6. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
28 дугаар зүйл. Аймаг сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
28.1. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
28.1.1. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох зардлыг төсөвт тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.2. үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх;
28.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шийдвэр гарган, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
28.1.5. хуульд заасан бусад эрх.
29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
29.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяа засаг захиргааны нэгжид хангуулах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1. засаг захиргааны нэгжид хамаарах төсвийн байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хэрэгжүүлэх;
29.1.2. хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан үйлдвэрлэлийн томоохон ослын үед түүний хор уршгийг арилгах, хүн амыг авран хамгаалахад чиглэсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
29.1.3. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
30 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын чиг үүрэг
30.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
30.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
30.1.2. ажил олгогч, ажилтан, иргэнд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
30.1.3. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэмжих, үнэлэх, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тогтоох, дүгнэлт, зөвлөмж гаргах;
30.1.4. хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх;
30.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний аргачлал батлах, ажил олгогч, ажилтан, холбогдох талд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
30.1.6. мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, сэргээн засах тусламж үйлчилгээний удирдамж, аргачлал батлах, хэрэгжилтийг хангах;
30.1.7. мэргэжлээс шалтгаалсан өвчний болон эрсдэлтэй ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх;
30.1.8. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх;
30.1.9. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний шалгуур үзүүлэлтийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх;
30.1.10. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнийг мэргэшүүлэх;
30.1.11. хөдөлмөрийн эрүүл ахуйн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх;
30.1.12. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системийг нэвтрүүлэх, ажиллуулах, ашиглах;
30.1.13. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний цогц чадамж, мэргэшлийн түвшнийг үнэлж, зөвшөөрүүлэх, мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг тогтоох;
30.1.14. хуульд заасан бусад чиг үүрэг.
30.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
31 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
31.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжилгээний лаборатори, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллага хамаарна.
31.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
31.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтнийг Боловсролын хууль тогтоомжийн дагуу бэлтгэж, мэргэшүүлэх;
31.2.2. хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжилгээний лаборатори нь ажлын байран дахь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг стандартын дагуу шинжлэн тодорхойлж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэл, хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тогтоох, хувийн хамгаалах хэрэгслийг шалган турших;
31.2.3. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэмжилт шинжилгээнд үндэслэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмжийг ажил олгогч, ажилтан, холбогдох талд өгөх;
31.2.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага нь ажил олгогч, ажилтан, иргэнд ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, дадлыг олгох сургалтыг хууль тогтоомжоор тогтоосон шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан бэлтгэх;
31.2.5. хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллага нь хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, ажилтны ажил, мэргэжлийн тохироог үнэлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалтын асуудлаар ажилтан, ажил олгогчид зөвлөх;
31.2.6. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь сэргээн засах, эмчлэх, сувилах үйлчилгээг эмнэл зүйн удирдамж, аргачлалын дагуу зохион байгуулж, хөдөлмөр зохицуулалт хийх.
32 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн холбооны чиг үүрэг
32.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.1.1. мэргэжлийн чиглэлээр стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, заавар, зөвлөмж боловсруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд төрийн байгууллага, холбогдох талуудтай хамтран ажиллах;
32.1.2. салбарын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, сайн туршлагыг түгээх;
32.1.3. тухайн чиглэлийн мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн цогц чадамж, мэргэшлийн зэргийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх;
32.1.4. төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
32.1.5. хууль тогтоомжид заасан бусад.
33 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний эрх, үүрэг
33.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн нь дараах эрхтэй:
33.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар хүн, хуулийн этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;
33.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүй, хүний амь нас, эрүүл мэндэд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд татгалзах;
33.1.3. ажил үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангуулах;
33.1.4. мэргэшлийн зэргээ баталгаажуулах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах;
33.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.
33.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн нь дараах үүрэгтэй:
33.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг ашиглахгүй байх;
33.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага зөрчигдсөнөөс хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн бол холбогдох талд анхааруулах, аюулаас сэргийлэх талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх;
33.2.3. мэргэжлийн үйл ажиллагаандаа хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн удирдамжийг мөрдөх;
33.2.4. ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүн, байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах, хууль тогтоомжийн дагуу эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэглэх;
33.2.5. мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
33.2.6. хууль тогтоомжид заасан бусад.

НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
34 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалт
34.1. Ажлын байрны аюултай хүчин зүйлээс ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч шууд хариуцна.
34.2. 10 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 34.1-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшнээс хамаарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг ажил олгогч өөрөө хариуцах эсхүл аль нэг ажилтнаар хавсран эсхүл гэрээгээр гүйцэтгүүлнэ.
34.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 34.1-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан дараах байдлаар зохион байгуулна:
34.3.1. 11-50 хүртэл ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг аль нэг ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх, эсхүл орон тооны ажилтан эсхүл гэрээгээр гүйцэтгүүлэх;
34.3.2. 51-200 хүртэл ажилтантай бол орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтантай байх, хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмчийг орон тоогоор эсхүл гэрээгээр ажиллуулж болно;
34.3.3. 201-500 хүртэл ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэцтэй байх, хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмчийг орон тоогоор эсхүл гэрээгээр ажиллуулах;
34.3.4. 501 ба түүнээс дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгж бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц ажиллуулах.
34.4. 10 ба түүнээс дээш ажилтан ажиллуулж байгаа эсхүл энэ хуулийн 34.3-д зааснаас бусад хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны онцлог, ажилтны тооноос хамааран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг аль нэг ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх эсхүл орон тооны ажилтан ажиллуулах эсхүл гэрээгээр гүйцэтгүүлж болно.
35 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл
35.1. 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, ажилтны оролцоог хангах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөлийг ажиллуулна.
35.2. 50-иас цөөн ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь нийт ажилтны саналд үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно.
35.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогч болон ажилтнаас сонгогдсон төлөөлөл ажиллана. Орон тооны бус зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгож болно.
36 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц, ажилтны чиг үүрэг
36.1. Энэ хуулийн 34.2-т заасан асуудал хариуцсан бүтэц, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн нэвтрүүлж, хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж, тасралтгүй сайжруулахтай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, ажил олгогчоор батлуулан мөрдөх, түүнийг тасралтгүй сайжруулах;
36.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөц, төсөв, удирдлага зохион байгуулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар ажил олгогчид зөвлөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
36.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээний төлөвлөгөө, шаардлагатай төсвийг батлуулах, ажлын байран дахь аюул, эрсдэлийг арилгах, бууруулах асуудлаар холбогдох удирдах албан тушаалтан, ажилтанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлж, ажил олгогчид танилцуулах;
36.1.4. ажлын байран дахь ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчин үүсгэх аюулыг илрүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг хэмжих, эрсдэлийн үнэлэх, арилгах, бууруулах, ажилтны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, үр дүнг үнэлэх;
36.1.5. хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалтыг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлуулах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бүртгэх, мэдээлэх;
36.1.6. үйлдвэрлэлийн ослын хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, ослын шалтгаанд дүн шинжилгээ хийх, давтан гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, аюултай тохиолдлыг бүртгэх, мэдээлэх;
36.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтын чанарыг үнэлэх;
36.1.8. ажлын байран дахь аюултай хүчин зүйл, ажлын орчны нөхцөл, онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нэр, төрөл бүхий жагсаалт боловсруулж, ажил олгогчоор батлуулах, түүний чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
36.1.9. ажилтанд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нэгж ажиллуулдаг бол нэгжийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;
36.1.10. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт болон аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, журмын хэрэгжилтэд үзлэг, шалгалт, дотоод хяналт хийж, гарсан зөрчлийг арилгуулах;
36.1.11. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн шаардлага, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;
36.1.12. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
37 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн нэгжийн удирдах албан тушаалтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар хүлээх чиг үүрэг
37.1. Аж ахуйн нэгж, байгууллагын нэгжийн дарга, ахлах ажилтан тэдгээртэй адилтгах албан тушаалтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
37.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
37.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлан ажиллах;
37.1.3. ажлын байран дахь аюулыг үнэлэх, арилгах, аюултай тохиолдлыг бүртгэн мэдээлэх;
37.1.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
37.1.5. өөрийн харьяалах нэгжийн нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалт зохион байгуулах, мэдлэг, дадлыг үнэлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх;
37.1.6. энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтантай хамтран ажиллах.
37.2. Аж ахуйн нэгж, байгууллагын нэгжийн дарга, ахлах ажилтан тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуулийн 37.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг тусгана.
38 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт
38.1. Аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангуулах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв, зардлыг жил бүр баталж, дараах арга хэмжээнд зарцуулна:
38.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа;
38.1.2. ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх;
38.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
38.1.4. ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх;
38.1.5. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх;
38.1.6. хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт;
38.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, зааварчилгаа, сургалтын орчныг бүрдүүлэх;
38.1.8. ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн шалгалт, туршилт;
38.1.9. ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах, аюулыг тусгаарлах хаалт, хашилт, дохиоллын систем байршуулж, тэмдэг, тэмдэглэгээ хийх;
38.1.10. ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах;
38.1.11. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ.
38.2. Ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээний аливаа зардлыг хариуцахгүй.

ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТАН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
39 дүгээр зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны хөдөлмөрийн зохистой нөхцөлөөр хангуулахтай холбогдсон нийтлэг эрх, үүрэг
39.1. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан дараах эрхтэй байна:
39.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;
39.1.2. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах;
39.1.3. ажлын байрны нөхцөл, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй аюултай хүчин зүйл, тэдгээрийг тодорхойлсон хэмжилт, үнэлгээний үр дүнгийн талаар бодит мэдээлэл авах;
39.1.4. ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэм хэмжээ зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;
39.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэлэлцэхэд биечлэн эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах;
39.1.6. хууль тогтоомжид заасан бусад.
39.2. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүн, ажилтан дараах үүрэгтэй байна:
39.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэм хэмжээ, технологийн горимыг чанд мөрдөх;
39.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлыг эзэмших;
39.2.3. хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй ажиллагааны дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
39.2.4. ажил, хөдөлмөртэй холбоотой сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах;
39.2.5. ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу зөв хэрэглэх;
39.2.6. ажил, үүргээ аюулгүй гүйцэтгэх дадал эзэмших, осол бэртэл, хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвартай байх;
39.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
39.2.8. ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг биелүүлж ажиллах;
39.2.9. гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор үүсэх аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэхэд оролцох;
39.2.10. хууль тогтоомжид заасан бусад.
40 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг
40.1. Ажил олгогч нь дараах нийтлэг эрхтэй байна:
40.1.1. энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, бүтэц, орон тооны бус зөвлөл байгуулах;
40.1.2. ажлын байрны онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж, мөрдүүлэх;
40.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хариуцлага хүлээлгэх;
40.1.4. хоёр ба түүнээс дээш гүйцэтгэгчтэй ажил, үйлчилгээ үзүүлж байгаа бол захиалагч, ерөнхий болон бусад гүйцэтгэгчээс ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж ажиллахыг шаардах;
40.1.5. хууль тогтоомжид заасан бусад.
40.2. Ажил олгогч нь дараах нийтлэг үүрэгтэй байна:
40.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
40.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангуулах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг баталж, зарцуулах;
40.2.3. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюулыг шуурхай арилгах;
40.2.4. ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, арилгах, уг үйл ажиллагаанд удирдах ажилтан, ажилтны төлөөллийг томилж ажиллуулах;
40.2.5. эрсдэлтэй ажлын байранд аюулыг анхааруулах, хориглох, сануулах, заах тэмдэг, санамж байрлуулах, аюулыг тусгаарлах хаалт, хашилт, дохиоллын систем байршуулж, тэмдэглэгээ хийх;
40.2.6. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх;
40.2.7. ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл болон ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт үндэслэн хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг зохион байгуулах;
40.2.8. ажил олгогчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдах;
40.2.9. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж, шаардлагатай мэдлэг, дадлыг эзэмшсэн, шалгалтад тэнцсэн, аюулгүй ажиллах зааварчилгаа авсан, шаардлагатай бол хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэх;
40.2.10. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, аюултай тохиолдлын талаар тэмдэглэл, бусад шаардлагатай мэдээллийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системд илгээх;
40.2.11. үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд хяналтын улсын байцаагч, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах;
40.2.12. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох;
40.2.13. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх, албан шаардлага, албан даалгаврыг биелүүлэх;
40.2.14. хууль тогтоомжид заасан бусад.
40.3. Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай тал нь учирсан хохирол, гэм хорыг ажилтны өмнө хариуцна.
41 дүгээр зүйл. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрх, үүрэг
41.1. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн дараах эрхтэй байна:
41.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангахтай холбоотой зардлыг ажил үйлчилгээний төлбөр, төсөвт тусган гүйцэтгүүлэгч, захиалагчаас гаргуулах;
41.1.2. захиалгаар гүйцэтгэх ажил, үйлчилгээний үед захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг ажил гүйцэтгэх гэрээнд тусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангаж ажиллахыг шаардах;
41.1.3. захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаагүйгээс гарсан осол, гэмтэл, өвчний улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
41.1.4. хууль тогтоомжид заасан бусад.
41.2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн дараах үүрэгтэй байна:
41.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх;
41.2.2. ажил, хөдөлмөрийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх;
41.2.3. ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх;
41.2.4. тухайн салбарт тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг мөрдөх;
41.2.5. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах;
41.2.6. хууль тогтоомжид заасан бусад.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
42 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зарчим
42.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ажил, хөдөлмөр эрхлэгч хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналттай нэгдмэл, харилцан уялдаатайгаар салбар дунд хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд суурилан хэрэгжинэ.
42.2. Үндэсний түвшинд хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 4 жил тутам баталж, хэрэгжүүлнэ.
42.3. Аймаг, дүүргийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
42.4. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн шаардлагыг хангаж, ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
43 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн техникийн зохицуулалт, стандарт
43.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн техникийн зохицуулалт нь ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд заавал мөрдөх шаардлагыг тогтооно.
43.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандарт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тавих шаардлага, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд мөрдөх хэм хэмжээ, аргачлал, зааврыг тогтооно.
43.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага хариуцна.
44 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
44.1. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг стандарт, аргачлалын дагуу тогтмол хийж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
44.2. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь ажлын байрандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний үр дүн, урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг эрсдэлд өртөж байгаа ажилтан, холбогдох талд танилцуулна.
44.3. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, түүний мөрөөр хэрэгжүүлсэн хэрэгжүүлсэн ажлын тайланг тухай бүр удирдлагын цахим системд оруулна.
45 дугаар зүйл. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
45.1. Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэнэ.
45.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдсон болон химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашигладаг ажлын байранд жил бүр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.
45.3. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлын байранд таван жил тутамд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.
45.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага стандартын дагуу хийнэ.
45.5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжилтэн нь хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшлээр суралцсан, ажил хөдөлмөртэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, үр нөлөөг нь үнэлэх чадвартай, мэргэжлээрээ ажилласан туршлагатай байна.
45.6. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсэн хуулийн этгээд үнэлгээний тайланг ажил олгогчид танилцуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор удирдлагын цахим системд оруулна.
45.7. Ажилтан өөрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх хүсэлтээ ажил олгогчид гаргаж болно.
46 дугаар зүйл. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт
46.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээр ажилтан хими, физик, эргономик, биологийн зэрэг аюултай хүчин зүйлд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
46.2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн баталгаат байдлыг хангасан хэмжих хэрэгслийг ашиглан стандартын дагуу хийнэ.
46.3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтээр ажилтан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн аюултай хүчин зүйлд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч энэ талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системд мэдээлнэ.
47 дугаар зүйл. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт
47.1. Ажил олгогч нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт эсхүл ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний дүнд үндэслэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагатай ажлын байрны жагсаалтыг гаргана.
47.2. Энэ хуулийн 47.1-д заасан жагсаалтад хамаарах ажилтныг хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт ажил олгогчийн зардлаар хамруулж, ажил, мэргэжлийн тохироог тодорхойлуулна.
47.3. Өндөр эрсдэлтэй ажилд шинээр орох болон хөдөлмөрийн нөхцөл нь солигдож байгаа ажилтныг хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна.
47.4. Ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн дүнд үндэслэн ажил олгогч шаардлагатай бол хөдөлмөр зохицуулалт хийнэ.
47.5. Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд үндэслэн зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлнэ.
47.6. Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт, мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт болон бүртгэх, мэдээлэх журмыг хөдөлмөрийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
48 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлага
48.1. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, тандалт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, аюултай тохиолдолд хийсэн дүн шинжилгээ болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
48.2. Ажил олгогч нь ажлын байрны аюултай хүчин зүйлийг арилгах, бууруулах, орлуулах инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг үр нөлөөгөөр эрэмбэлж дангаар нь эсхүл хамтад нь хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулна.
48.3. Ажлын байран дахь аюулыг арилгах боломжгүй бол ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор стандарт шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангана.
49 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
49.1. Ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад жил бүр хамрагдаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, дадалтай болсон байна.
49.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараах төрөлтэй байна:
49.2.1. ажил олгогч, удирдах ажилтны;
49.2.2. нийт ажилтны;
49.2.3. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний;
49.2.4. өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны;
49.2.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтны.
49.3. Дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагч, иргэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшүүлнэ.
49.4. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхдэд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг мэргэжлийн холбоо, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
50 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим систем
50.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим систем нь (цаашид “удирдлагын цахим систем” гэх) Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын мэдээллийн сан болон дараах мэдээллээс бүрдэнэ:
50.1.1. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан ажил олгогч, даатгуулагчийн бүртгэл;
50.1.2. хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан даатгуулагчийн бүртгэл;
50.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан ажил олгогч, даатгуулагчийн бүртгэл;
50.1.4. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтний бүртгэл;
50.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хяналт, шалгалтын мэдээлэл;
50.1.6. бусад мэдээлэл.
50.2. Удирдлагын цахим системийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хариуцна.
50.3. Удирдлагын цахим систем нь мэдээллийн нөөц сантай байна.
50.4. Удирдлагын цахим системийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
51 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт
51.1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
51.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
51.1.2. гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив;
51.1.3. гадаадын зээл, тусламж;
51.1.4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө;
51.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
51.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээнд шаардагдах төсвийг тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан зарцуулна.
51.3. Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн энэ хуулийн 36, 38 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг хариуцна.
51.4. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбогдох зардал, санхүүжилтийг олгоно.
52 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
52.1. Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлыг хариуцна.
52.2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг даатгуулагчийн ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааруулан тогтооно.
52.3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу санхүүжүүлнэ.
53 дугаар зүйл. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгал
53.1. Эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалын хураамжийг ажил олгогч хариуцна.
53.2. Энэ хуулийн 53.1-д заасан ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг удирдлагын цахим системд үндэслэн эсхүл ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлсон эрсдэлийн түвшнээс хамааруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтооно.
53.3. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид дараах зардлыг олгоно:
53.3.1. үйлдвэрлэлийн осолд орсон хүнд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, ослын газраас эмнэлэг хүргэх болон эмчилгээний зардал;
53.3.2. хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой протез, ортопед, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний зардлын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох жишиг зардлаас давсан хэсэг;
53.3.3. гэрээгээр тохиролцсон бусад.
53.4. Энэ хуулийн 53.3.3-д заасан гэрээнд дараах зардал, нөхөн төлбөрийг олгохоор харилцан тохиролцож болно:
53.4.1. ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт болон эрүүл мэндийн үйлчилгээний зардал;
53.4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг ажилтан эсхүл түүний гэр бүлд олгох.

ТАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
54 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг мэдэгдэх, бүртгэх, хянан баталгаажуулах, мэдээллийн сан бүрдүүлэх
54.1. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, статистик өгөгдлийн сан бүрдүүлэх асуудлыг хариуцна.
54.2. Энэ хуулийн 3.1-д заасан хүн Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3.1-д заасан тохиолдолд осолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осолд тооцож, шалтгааныг нь тогтоох акт, дүгнэлт үйлдэнэ.
54.3. Ажил олгогч нь өөрийн зардлаар үйлдвэрлэлийн осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, ослын газраас эмнэлэгт хүргэх, эмчилгээ, үзлэг, шинжилгээг хийлгэх арга хэмжээг нэн даруй авна. Осолд өртсөн хүн энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлгийн яаралтай тусламж, ослын газраас эмнэлэг хүргэх болон эмчилгээний зардлыг даатгалын байгууллагаас ажил олгогчид нөхөн олгоно.
54.4. Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлын хор уршгийг арилгах, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлнэ.
54.5. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг техникийн зохицуулалтын дагуу судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид “комисс” гэх)-ыг байгуулж ажиллуулна.
54.6. Аймаг, cум, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн засаг захиргааны нэгжид ажиллаж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.
54.7. Комисс нь үйлдвэрлэлийн осол гарснаас хойш ажлын таван өдрийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэж, энэ хуулийн 59.1-д заасан хяналтын улсын байцаагчид ажлын гурван өдрийн дотор хүргүүлнэ.
54.8. Комисс нь үйлдвэрлэлийн аюултай тохиолдол гарснаас хойш ажлын таван өдрийн дотор судлан бүртгэж, энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системд бүртгүүлэн тухайн тохиолдол дахин гарахаас урьдчилан сэргийлж ажиллана.
54.9. Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэсэн актыг хяналтын улсын байцаагч ажлын таван өдрийн дотор хянан баталгаажуулж, энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системд бүртгэнэ.
54.10. Хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг зөвшөөрөөгүй эсхүл хүний амь нас хохирсон үйлдвэрлэлийн ослын тохиолдолд дүгнэлт гаргана.
54.11. Үйлдвэрлэлийн осол нь зам тээврийн шинжтэй бол тээврийн цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулна.
54.12. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн үйлчилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулна.
54.13. Үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадалгаа шаардлагатай бол ослыг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах хугацааг ажлын 30 өдөр хүртэл нэг удаа сунгаж болно.
54.14. Ажил олгогч нь хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт, дүгнэлтийг ажил олгогч эсхүл харьяалах Засаг дарга, нийгмийн даатгалын байгууллага, осолдогч эсхүл түүний гэр бүлд мэдэгдэнэ.
54.15. Ноцтой хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд тухай бүр Засгийн газраас томилсон комисс судлан бүртгэнэ.
54.16. Ажил олгогч, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 54.5, 54.6-т заасан үүргээ биелүүлээгүй эсхүл үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг осолд өртсөн хүн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо дээд шатны байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
54.17. Үйлдвэрлэлийн ослын актыг хянан баталгаажуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор ажил олгогч тухайн ослын шалтгаан, нөхцөлийг арилгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хяналтын улсын байцаагчаар батлуулж хэрэгжүүлнэ.
54.18. Сум, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөл харьяа засаг захиргааны нэгжийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тохиолдолд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг аргалгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
54.19. Ажил олгогч үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахыг хориглоно.
55 дугаар зүйл. Мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт
55.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь мэргэжлээс шалтгаалсан өвчний оношийг баталгаажуулах, хөдөлмөр зохицуулалт хийх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, бүртгэх, мэдээлэх, статистик мэдээллийн сан бүрдүүлэх асуудлыг хариуцна.
55.2. Ажил олгогч нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүнд үндэслэн бүртгэн мэдээлж, шаардлагатай тохиолдолд хөдөлмөр зохицуулалт хийж, ажилтныг хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
55.3. Эрүүл мэндийн байгууллага нь үзлэгээр илэрсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний шинж тэмдэг бүхий тохиолдлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагад мэдээлж, онош баталгаажуулалт хийлгэнэ.
55.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага баталгаажуулсан мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэж, эрүүл мэндийн статистик хариуцсан байгууллагад мэдээлнэ.
55.5. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүний хөдөлмөрийн чадварын магадалгааг Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөл хийнэ.
55.6. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүний хөдөлмөрийн чадвар нь тэтгэвэр тогтоолгох хэмжээгээр алдагдаагүй бол Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлийн дүгнэлт, хөдөлмөр зохицуулалт хийх зөвлөмжийг тухайн хүн болон ажил олгогчид өгнө.
55.7. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтны хөдөлмөр зохицуулалтыг хийж өөр ажилд томилогдохтой холбогдуулан дахин мэргэшүүлэх шаардлагатай бол түүнтэй холбогдсон зардлыг ажил олгогч гаргана.
55.8. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар нь тэтгэвэр тогтоолгох хэмжээгээр эргэн сэргээгдэхгүйгээр алдагдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөс хугацаагүй тогтооно.
56 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүнд зориулсан сэргээн засах тусламж, үйлчилгээ
56.1. Мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон эсхүл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
56.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүний хөдөлмөрийн чадварыг хадгалах, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулж, эмнэлгийн хяналт үзлэг зохион байгуулах, сэргээн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
56.3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүнд сэргээн засах эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлэх эмнэл зүйн удирдамжийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага батална.
56.4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан хүн өндөр настны тэтгэвэрт шилжсэн нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүнд зориулсан сэргээн засах тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
56.5. Энэ хуулийн 56.4-т заасан сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
56.6. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зардал үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох жишиг зардлаас давсан тохиолдолд зөрүүг ажил олгогч хариуцах эсхүл энэ хуулийн 53.3.2-д заасны дагуу даатгалын байгууллагаас олгоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ
57 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
57.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж, хараат бус, шударга, нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хяналтад хамрагдаж байгаа талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх зарчмыг баримтална.
57.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах хяналтыг тавина:
57.2.1. төрийн захиргааны хяналт;
57.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт;
57.2.3. ажилтны төлөөллийн байгууллагын хяналт;
57.2.4. хөндлөнгийн хяналт.
58 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналт
58.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
58.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.
58.3. Төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, гүйцэтгэлийн хяналтыг төлөвлөхдөө энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системийн өгөгдөл, мэдээлэлд үндэслэнэ.
58.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ шалгуулагч талд урьдчилан мэдэгдэхгүйгээр хийнэ.
59 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх улсын байцаагчийн бүрэн эрх
59.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
59.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах;
59.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хөдөлмөрийн нөхцөл болон ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангуулах;
59.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжоор тогтоосон шаардлага, хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийг хангуулах;
59.1.4. ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд ажилтан болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд тухайн ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг шууд зогсоох, аюулгүй байдлыг хангуулах;
59.1.5. үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг судлан бүртгэсэн, мэдээлсэн болон ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргах;
59.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;
59.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.
60 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт
60.1. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина.
60.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дотоод хяналтын дүнг ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл эсхүл нийт ажилтанд танилцуулна.
60.3. Ажил олгогч дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.
60.4. Ажилтны төлөөлөгч болон ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт тавих үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
61 дүгээр зүйл. Ажилтны төлөөллийн байгууллагын хяналт
61.1. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, мэргэжлийн холбоо нь ажилтны төлөөллийн байгууллагын хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
61.1.1. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар үнэн зөв мэдээлэл авах;
61.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн зөрчлийг арилгах шаардлагыг ажил олгогчид тавих;
61.1.3. хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар хүлээсэн үүргийн биелэлт, түүний явцыг дүгнэж, нийт ажилтанд мэдээлэх;
61.1.4. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
61.1.5. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;
61.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, хамтарсан хяналт шалгалт хийх саналаа холбогдох байгууллагад тавих.
62 дугаар зүйл. Хөндлөнгийн хяналт
62.1. Итгэмжлэлийн асуудал хариуцсан байгууллагаас итгэмжлэгдсэн байгууллага итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дараах хөндлөнгийн хяналтыг ажил олгогч, ажилтны хүсэлтээр хийж болно:
62.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээ;
62.1.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ;
62.1.3. ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ;
62.1.4. хувийн хамгаалах хэрэгслийн сорил, туршилт;
62.1.5. хууль тогтоомжид заасан бусад.
62.2. Хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн ажилтантай, хөндлөнгийн хяналтын байгууллагад тавигдах шаардлага хангасан байна.
62.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөндлөнгийн хяналтын байгууллага нь хяналт хийсэн тайланг удирдлагын цахим системд тухай бүр илгээнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
63 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
63.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
64 дүгээр зүйл. Бусад
64.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
64.2. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан журмыг боловсруулан батална.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх