19.1.Гүйцэтгэх удирдлага нь Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
19.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.
19.3.Гүйцэтгэх захирлыг энэ хуулийн 18.1.4-т заасан журмын дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж, чөлөөлнө.
19.4.Гүйцэтгэх захирал нь дараах шалгуурыг хангасан байна:
19.4.1.банк, санхүү, эрх зүй, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
19.4.2.ял шийтгэлгүй, ёс зүй болон ажил хэргийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
19.4.3.төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон бусад шалгуур.
19.5.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:
19.5.1.төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаас бусад дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;
19.5.2.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;
19.5.3.банкны жилийн төсвийн төслийг боловсруулан батлуулж, батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах;
19.5.4.хуульд заасан хүрээнд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
19.5.5.төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд банкийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;
19.5.6.хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, түүнд олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;
19.5.7.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох;
19.5.8.хуульд заасан бусад.
19.6.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:
19.6.1.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
19.6.2.энэ хуулийн 21.2-т заасан журам, 22.1-д заасан хязгаарлалтыг мөрдөж ажиллах;
19.6.3.санхүүгийн сахилга батыг сахиулах, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
19.6.5.зээлийн эрсдэлийн удирдлага болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх;
19.6.6.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
19.6.7.банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;
19.6.8.чөлөөт хөрөнгийн үлдэгдлийн удирдлагыг энэ хуулийн 15.1-д заасны дагуу хэрэгжүүлэх;
19.6.9.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкнаас банканд олгосон санхүүжилт, уг эх үүсвэрээр банкнаас олгосон зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;
19.6.10.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкнаас олгосон санхүүжилт, уг эх үүсвэрээр банкнаас олгосон зээл, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулж төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах;
19.6.11.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх;
19.6.12.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;
19.6.13.төлөөлөн удирдах зөвлөлд улирал тутам ажлаа тайлагнах;
19.6.14.хуульд заасан бусад.
19.7.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.