Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны 6-р сарын 12 өдөр
Ulaanbaatar city
ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ
Хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөн болон үр ашгийг дэмжих, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл. Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомж
2.1.Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Орон сууцжуулалттай холбогдох үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2.Үндэсний орон сууцны корпораци болон орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Компанийн тухай хууль болон тухайн корпорацийн дүрмээр зохицуулна.
3.3.Орон сууцны санхүүжилтийн банкны үйл ажиллагаатай холбогдох харилцааг Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“зохистой орон сууц” гэж өрхийн орлоготой харьцуулахад оршин суугчийн санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах, худалдан авах боломжтой, инженерийн дэд бүтцээр хангагдсан орлогод нийцсэн орон сууцыг;
4.1.2.“нийгмийн орон сууц” гэж орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, энэ хуульд заасан хөлсний орон сууц болон хөлслөөд өмчлөх орон сууцад хамрагдах боломж хязгаарлагдмал зорилтот бүлгийн иргэдэд түр хугацаанд ашиглуулах орон сууцыг;
4.1.3.“орлогод нийцсэн орон сууц” гэж иргэний өрхийн орлого, төлбөрийн чадварт нийцсэн, инженерийн дэд бүтцээр хангагдсан орон сууцыг;
4.1.4.“орон сууц” гэж Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д заасныг;
4.1.5.“орон сууцжуулалт” гэж орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах замаар Орон сууцны тухай хуулийн 3.1.3-т заасан үйл ажиллагааг иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орон сууц хөгжүүлэх, санхүүжүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг;
4.1.6.“орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэн” гэж энэ хуулийн 7.4-т заасан нийгмийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй, өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг;
4.1.7.“орон сууцны корпораци” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцны корпораци үүсгэн байгуулах, уг зорилгоо биелүүлснээр татан буугдах тусгай зориулалтын компанийг;
4.1.8.“Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк” гэж Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуульд заасныг;
4.1.9.“Үндэсний орон сууцны корпораци” гэж орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлтийн санхүүжилтэд зориулсан урт хугацааны эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, хуваарилах зэргээр санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, дэмжих чиг үүрэг бүхий төрөөс үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;
4.1.10.“хөлсний орон сууц” гэж өөрийн өмчлөлийн орон сууцгүй, тогтмол орлоготой иргэнд орон сууцыг зах зээлийн ханшаас хөнгөлөлттэй үнээр, тогтоосон хугацаанд эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг;
4.1.11.“хөлслөөд өмчлөх орон сууц” гэж өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй, тогтмол орлоготой иргэнд орон сууцны үнийг урт хугацаанд төлүүлэх замаар өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг.
5 дугаар зүйл. Орон сууцжуулах үйл ажиллагааны зарчим
5.1.Орон сууцжуулах үйл ажиллагаанд Орон сууцны тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1.хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
5.1.2.төвлөрлийг сааруулах, агаар, хөрс, орчны чанарын үзүүлэлтийг үндэслэн гэр хорооллыг үе шаттайгаар орон сууцжуулах;
5.1.3.иргэн, өрхийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамруулах;
5.1.4.орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлт, татаасын санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, баталгаажуулсан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨЛТ, ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨРӨЛ
6 дугаар зүйл. Орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлт
6.1.Орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлт дараах төрөлтэй байна:
6.1.1.Улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлт;
6.1.2.Улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлт;
6.1.3.Аймаг, нийслэлийн орон сууцжуулалтын жилийн төлөвлөлт.
6.2.Засгийн газар энэ хуулийн 6.1.1-д заасан төлөвлөлтийг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах бөгөөд уг төлөвлөлт нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэсэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцсэн байна.
6.3.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1.2-т заасан төлөвлөлтийг Үндэсний орон сууцны корпорацийн саналыг үндэслэн батлах бөгөөд уг төлөвлөлт нь энэ хуулийн 6.1.1-д заасан төлөвлөлтөд үндэслэж, нийцсэн байна.
6.4.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 6.1.3-т заасан төлөвлөлтийг батлах бөгөөд уг төлөвлөлт нь энэ хуулийн 6.1.2-т заасан төлөвлөлтөд үндэслэж, нийцсэн байна.
6.5.Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан төлөвлөлтөд дараах тусгай шаардлага тавигдана:
6.5.1.энэ хуулийн 6.1.1-д заасан төлөвлөлтөд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулж, тухайн жилд эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байх;
6.5.2.санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэх байгууллага, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан байх;
6.5.3.төсөл, хөтөлбөрт хамрагдах барилга байгууламж нь Барилгын тухай хууль тогтоомж, норм, техникийн зохицуулалт, үндэсний болон олон улсын холбогдох стандарт, эрчим хүчний хэмнэлт, хүртээмжтэй орчны шаардлагыг хангасан байх.
6.6.Энэ хуулийн 6.1-д заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлт нь дараах бүтэцтэй байна:
6.6.1.иргэдийн орон сууцны нөхцөл байдлын судалгаа;
6.6.2.иргэдийг орон сууцжуулах зорилго, зорилт;
6.6.3.хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тооцоолол.
6.7.Энэ хуулийн 6.6-д заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах нарийвчилсан аргачлалыг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7 дугаар зүйл. Төрөөс иргэдийг орон сууцжуулах төрөл
7.1.Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууц гэсэн төрөлтэй байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан орон сууцыг хөлслөх сарын суурь төлбөрийн хэмжээ нэг м.кв тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь байна.
7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад орон сууцны ашиглалт, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг тухайлсан хуулиар зохицуулна.
7.4.Нийгмийн орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.4.1.Нийгмийн орон сууцанд орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, хөлсний орон сууц болон хөлслөөд өмчлөх орон сууцад хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн иргэнийг хамруулна.
7.4.2.Нийгмийн орон сууцны талбайн хэмжээ 30 м.кв-аас ихгүй байна.
7.4.3.Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 5 хувиас ихгүй байна.
7.4.4.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэний сард төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь байна.
7.4.5.Энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөр болон энэ хуулийн 7.4.4-т заасан иргэний сард төлөх төлбөрийн зөрүүг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсөвт тусгана.
7.4.6.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг энэ хуулийн 11.1.4-т заасан журмаар зохицуулна.
7.5.Хөлсний орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.5.1.Хөлсний орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлсний орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.5.2.Хөлсний орон сууцны талбайн хэмжээ 36 м.кв-аас ихгүй байна.
7.5.3.Хөлсний орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 15 хувиас ихгүй байна.
7.5.4.Хөлсний орон сууцанд иргэнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 5 хүртэл жилийн хугацаагаар ашиглуулна.
7.5.5.Энэ хуулийн 7.5.4-т заасан хугацаа дууссан боловч иргэн хөлсний орон сууцад үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд гэрээний төлбөрийг зах зээлийн үнээр тогтооно.
7.5.6.Энэ хуулийн 7.5.5-д заасан зах зээлийн үнийг судалгаанд үндэслэн Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөл тогтооно
7.5.7.Хөлсний орон сууцны гэрээний хугацаа дуусгавар болох үед хөлслөгч нь орон сууцыг хэвийн, ашиглалтын шаардлага хангасан, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгнө.
7.5.8.Хөлслөгч нь хөлсний орон сууцны гэрээ байгуулахдаа 6 сарын хөлсний төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгийг байршуулна.
7.6.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.6.1.Хөлслөөд өмчлөх орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлслөөд өмчлөх орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.6.2.Хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх замаар тухайн орон сууцны үнийн дүнг бүрэн төлснөөр орон сууцыг өмчилнө.
7.6.3.Хөлслөөд өмчлөх орон сууцны талбайн хэмжээ 60 м.кв-аас ихгүй байна.
7.6.4.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлснээс хойш 5 жилийн дотор Үндэсний орон сууцны корпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.
7.6.5.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд анх худалдан авсан үнийг худалдан борлуулах тухайн үеийн үнийн ханштай тохируулан худалдан борлуулна.
7.6.6.Хөлслөөд өмчлөх орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 20 хувиас ихгүй байна.
7.6.7.Хөлслөөд өмчлөх орон сууцанд хамруулах иргэний өрхийн орлогын түвшинг харгалзах ба бага орлоготой өрхөд давуу эрх олгоно.
7.6.8.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг иргэн болон Үндэсний орон сууцны корпораци хооронд байгуулах гэрээгээр зохицуулж болно.
8 дугаар зүйл. Орон сууцжуулах үйл ажиллагаанд хамрагдаж буй иргэний хүлээх үүрэг
8.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орон сууцжуулах үйл ажиллагаанд хамрагдаж буй иргэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
8.1.1.хууль болон гэрээгээр тогтоосон орон сууцны төлбөр, хураамжийг хугацаанд нь төлөх;
8.1.2.өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа орон сууц болон түүний орчны газрын цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийн арчилгааг хариуцах;
8.1.3.өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцанд холбогдох хууль тогтоомжид заасан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;
8.1.4.орон сууцыг ашиг олох зорилгоор зориулалтын бусаар ашиглах, дамжуулан түрээслэхгүй байх;
8.1.5.хуульд заасан бусад үүрэг.
9 дүгээр зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн орон сууцны сан
9.1.Үндэсний орон сууцны корпораци төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс энэ хуулийн 7.4.3, 7.5.3, 7.6.6-д заасан хувь хэмжээгээр орон сууцыг хүлээн авч орон сууцны санд бүртгэнэ.
9.2.Хот байгуулалтын тухай хуулийн дагуу барилгажих талбай, барилгын талбайн эзлэхүүн нь бүсчлэлийн дүрэмд тогтоосон хэмжээнээс хэтэрсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол тухайн хэтэрсэн хэсгийн 50 хувийг Үндэсний орон сууцны корпорацийн орон сууцны санд бүртгэнэ.
9.3.Энэ хуулийн 9.2-т заасны дагуу орон сууцны хэлбэрээр шилжүүлэх боломжгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцсон дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Үндэсний орон сууцны корпорацийн дансанд төвлөрүүлнэ.
9.4.Үндэсний орон сууцны корпораци өөрийн хөрөнгөөр орон сууц худалдан авсан бол орон сууцны санд бүртгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
10 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
10.1.Улсын Их Хурал орон сууцжуулалтын талаар шаардлагатай дэд бүтэц болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган батлах замаар шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
11.1.Засгийн газар орон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.энэ хуульд заасан Үндэсний орон сууцны корпораци байгуулах;
11.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлтийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.3.энэ хуулийн 6.1.1-д заасан улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар, дэд бүтэц хөгжүүлэх арга хэмжээг батлах;
11.1.4.нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууцны хөтөлбөрт иргэнийг хамруулах, эрэмбэлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах
11.2.Засгийн газар Үндэсний орон сууцны корпорацийн талаар Компанийн тухай хуулийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1.Үндэсний орон сууцны корпораци буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх;
11.2.2.Үндэсний орон сууцны корпорацийн санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах;
11.2.3.Үндэсний орон сууцны корпорацийн дүрмийг батлах;
11.2.4.Үндэсний орон сууцны корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;
11.2.5.Үндэсний орон сууцны корпорацийг татан буулгах, өөрчлөн байгуулах, эзэмшлийн хувьцааг шилжүүлэх тухай шийдвэр гаргах.
12 дугаар зүйл. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
12.1.Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
12.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах;
12.1.3.Үндэсний орон сууцны корпорацид удирдлага, зохион байгуулалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх.
13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын чиг үүрэг
13.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон сууцжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.1.1.Аймаг, нийслэлийн орон сууцжуулалтын жилийн төлөвлөлтийг энэ хуулийн 6.1.1-д заасан улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөлт болон 6.1.2-т заасан улсын орон сууцжуулалтын жилийн төлөвлөлтөд нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
13.1.2.Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг баримтлан орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах;
13.1.3.Орон нутгийн төсвөөр хэрэгжих орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр батлах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.
13.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга орон сууцжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
13.2.1.нутаг дэвсгэртээ орон сууцжуулах үйл ажиллагааг зохион байгуулах орон сууцны корпораци байгуулах талаарх хүсэлтийг Үндэсний орон сууцны корпорацид хүргүүлэх;
13.2.2.нутаг дэвсгэртээ орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд шаардлагатай байршил тогтоох, газар олгох, загвар зураг батлах, техникийн нөхцөл олгох, холбогдох зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах;
13.2.3.энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлтийн хэрэгжилтийн тайланг харьяалах аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, хагас жил бүр Үндэсний орон сууцны корпорацид хүргүүлэх.
13.2.4.энэ хуульд заасан орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцны корпорацитай гэрээ байгуулж газар эзэмшүүлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ, ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн эрх зүйн байдал
14.1.Үндэсний орон сууцны корпораци нь орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлтийн санхүүжилтэд зориулсан урт хугацааны эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, хуваарилах зэргээр санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, дэмжих тусгайлсан чиг үүрэг бүхий, төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд мөн.
14.2.Үндэсний орон сууцны корпораци нь энэ хуулийн 11.1.1-д заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр байгуулагдах бөгөөд төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэртэй байна.
14.3.Үндэсний орон сууцны корпораци нь үйл ажиллагааны болон санхүүгийн эрсдэлээс хамгаалах зориулалттай эрсдэлийн удирдлагын нөөц сантай байна.
14.4.Үндэсний орон сууцны корпорацийн энэ хуулиар зохицуулаагүй удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Компанийн тухай хууль болон Үндэсний орон сууцны корпорацийн дүрмээр зохицуулна.
15 дугаар зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
15.1.Үндэсний орон сууцны корпораци үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
15.1.1.орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх нийгмийн зорилгыг санхүүгийн тогтвортой байдалтай хослуулах;
15.1.2.санхүүгийн хувьд үр ашигтай, төлбөрийн чадвартай, тогтвортой байх;
15.1.3.үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх;
15.1.4.хөндлөнгийн хяналтад байх.
16 дугаар зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн үйл ажиллагаа
16.1.Үндэсний орон сууцны корпораци нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан орон сууцжуулалтын төлөвлөлттэй холбоотойгоор дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
16.1.1.энэ хуулийн 6.1.2-т заасан улсын орон сууцжуулалтын жилийн төлөвлөлтийн саналыг боловсруулж, орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
16.1.2.энэ хуулийн 6.1.3-т заасан аймаг, нийслэлийн орон сууцжуулалтын жилийн төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавих;
16.1.3.энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан улсын орон сууцжуулалтын дунд хугацааны болон жилийн төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавих.
16.2.Үндэсний орон сууцны корпораци орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлтийн санхүүжилтийг дэмжих хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
16.2.1.орон сууцны нийлүүлэлтийн санхүүжилтэд зориулсан урт хугацааны тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын санхүүгийн зах зээлд үнэт цаас, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэл гаргах, эх үүсвэр татах ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулах;
16.2.2.орон сууцны төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн баталгаа гаргах, орон сууцны санхүүжилтийн хэрэгслийг үнэт цаасжуулах;
16.2.3.энэ хуульд заасан орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийн хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, өрхийн урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;
16.2.4.орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд төслийн санхүүжилтийн баталгаа, батлан даалт гаргах.
16.3.Энэ хуулийн 16.1, 16.2-т зааснаас гадна энэ хуулийн зорилгод нийцүүлэн орон сууцжуулалтын талаар дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
16.3.1.орон сууц барих, орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шинэ суурьшлын бүс байгуулах зориулалттай газар эзэмшиж, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх;
16.3.2.орон сууцны барилга угсралтын явцтай уялдуулан орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх зорилгоор хуримтлуулсан иргэдийн мөнгөн хөрөнгөд тулгуурласан шаталсан санхүүжилт олгох;
16.3.3.улсын болон тухайн бүс нутгийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийх, захиалан гүйцэтгүүлэх;
16.3.4.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан орон сууцны санг бүрдүүлэх, бүртгэх, удирдах, орлогод нийцсэн орон сууцыг хуваарилах
16.3.5.өөрийн болон орон сууцны корпорацийн эзэмшлийн орон сууцны ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
16.3.6.орон сууцжуулах төсөл, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг өмчийн бүртгэл, татвар, нийгмийн даатгал, халамж, иргэний бүртгэлийн мэдээллийн сантай уялдсан нэгдсэн цахим системээр, ил тод, шалгуур үзүүлэлтэд суурилан удирдан зохион байгуулж, мэдээллийн сан хөтлөх.
16.4.Энэ хуулийн 16.2.4-т заасан баталгаа, батлан даалтыг гаргуулж авсан төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд уг төслийг бүрэн дуусгах чадамжгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол Үндэсний орон сууцны корпораци анх гаргасан баталгаа, батлан даалтын дагуу хохирлыг барагдуулна.
16.5.Энэ хуулийн 16.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд Үндэсний орон сууцны корпораци өөрийн эх үүсвэрээр тухайн төслийг бүрэн дуусгах шаардлагатай гэж үзвэл, тухайн төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эрхтэй.
16.6.Үндэсний орон сууцны корпораци нь энэ хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
17 дугаар зүйл. Орон сууцны корпорацийн эрх зүйн байдал
17.1.Орон сууцны корпораци нь тухайн нутаг дэвсгэрт орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, саналыг үндэслэн, Үндэсний орон сууцны корпорацийн шийдвэрээр байгуулагдах тусгай зориулалтын компани мөн.
17.2.Орон сууцны корпораци нь орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц захиалах, удирдах, түгээх, хуваарилах болон дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.2.1.энэ хуулийн 6.1-т заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөлтийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх;
17.2.2.орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
17.2.3.орлогод нийцсэн орон сууц захиалах, худалдан авах, хуваарилах.
17.3.Орон сууцны корпорацийн үйл ажиллагаа Үндэсний орон сууцны корпорацийн удирдлагад байх бөгөөд тэдгээрийн хооронд тайлан, мэдээ солилцох, удирдан зохион байгуулах, хяналт тавих харилцааг Үндэсний орон сууцны корпорацийн дүрэм болон гэрээгээр зохицуулна.
17.4.Орон сууцны корпорацийг зорилгоо биелүүлснээр, эсхүл бусад үндэслэлээр татан буулгах эсэх асуудлыг Үндэсний орон сууцны корпораци шийдвэрлэнэ.
17.5.Орон сууцны корпорацийн энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.
18 дугаар зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо
18.1.Үндэсний орон сууцны корпорацийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
18.1.1.улсын төсвөөс Үндэсний орон сууцны корпорацийг санхүүжүүлэхэд зориулан хуваарилсан хөрөнгө;
18.1.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан ашиглахыг зөвшөөрсөн орон нутгийн төсвийн болон бусад эх үүсвэр;
18.1.3.Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын чөлөөт үлдэгдлээс хуваарилсан хөрөнгө;
18.1.4.нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс хуваарилсан хөрөнгө;
18.1.5.энэ хуульд заасан орон сууцжуулалтын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай хэлбэрээр гаргасан бонд, үнэт цаасны борлуулалтын орлого;
18.1.6.хөрөнгө оруулалтын болон төслийн санхүүжилтийн зээл;
18.1.7.хуульд заасан бусад эх үүсвэр.
18.2.Энэ хуулийн 18.1.3, 18.1.4, 18.1.6-д заасан эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, ашиглах нөхцөл, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
18.2.Энэ хуулийн 18.1.3, 18.1.4, 18.1.6-д заасан эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, ашиглах нөхцөл, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
19 дүгээр зүйл. Үндэсний орон сууцны корпораци үнэт цаас, өрийн бичиг гаргах, зээл авах, батлан даалт гаргах
19.1.Үндэсний орон сууцны корпораци санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор үнэт цаас, өрийн бичиг гаргах асуудлыг Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан үнэт цаасны төлбөрийг баталгаажуулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болно.
19.3.Үндэсний орон сууцны корпораци Компанийн тухай хуульд заасны дагуу зээл авч болно.
19.4.Үндэсний орон сууцны корпораци энэ хуулийн 16.2.3, 16.2.4-т заасан батлан даалт, баталгааг гаргахдаа эрсдэлийн удирдлагын нөөц сангаар хангагдсан, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцөлийг хангана.
19.5.Энэ хуулийн 16.2.3, 16.2.4-т заасан батлан даалт, баталгаа гаргах, нөхцөл, төрөл, хэмжээ, хугацаа, хураамж, шимтгэл; батлан даалт болон баталгаагаар хүлээсэн үүрэг гүйцэтгэх журам, батлан даалт, баталгаа гаргах үйл ажиллагааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах журам; батлан даалт, баталгааны бүртгэл, мэдээллийн хадгалалтын журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
20 дугаар зүйл.. Үндэсний орон сууцны корпораци, орон сууцны корпораци газар эзэмших
20.1.Үндэсний орон сууцны корпораци болон орон сууцны корпорацид орон сууц барих, орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, инженерийн дэд бүтэц байгуулах зориулалтаар Газрын тухай хуульд заасны дагуу газрыг эзэмшүүлнэ.
20.2.Үндэсний орон сууцны корпораци, орон сууцны корпораци нь эзэмшиж байгаа газрыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаа, баталгаа болгон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах эрхтэй.
20.3.Үндэсний орон сууцны корпораци, орон сууцны корпораци нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмших, өмчлөх эрхтэй газрыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан аргаар шилжүүлэн авч болно.
20.4.Үндэсний орон сууцны корпораци, орон сууцны корпораци нь энэ хуулийн 20.1-д заасан зориулалтаас бусад зориулалтаар газар худалдаж авах, эзэмшихийг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН УДИРДЛАГА
21 дүгээр зүйл. Үндэсний орон сууцны корпорацийн удирдлага
21.1.Үндэсний орон сууцны корпорацийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
21.2.Үндэсний орон сууцны корпорацийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна.
21.3.Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж болно.
22 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
22.1.Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр 4 жилийн хугацаатай сонгох бөгөөд тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн, зургаан нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байна.
22.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг Компанийн тухай хууль болон Үндэсний орон сууцны корпорацийн дүрмээр зохицуулна.
22.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
23 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
23.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан орон сууцны санхүүжилтийн тусгай зориулалтын компани байгуулах шийдвэр гаргах, эсхүл бусад орон сууцны санхүүжилтийн компаниар хуульд заасан үйл ажиллагааг гүйцэтгүүлэх шийдвэр гаргах;
23.1.2.хууль тогтоомжид нийцүүлэн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, төсөл санхүүжүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх, үнэт цаас гаргах, зээл авах, батлан даалт, баталгаа гаргах, үнэт цаасжуулалт хийх;
23.1.3.хууль болон Үндэсний орон сууцны корпорацийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйл. 24 дүгээр зүйл
24.1.Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Үндэсний орон сууцны корпорацийг төлөөлөх зэргээр түүний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
24.2.Гүйцэтгэх удирдлага нь Үндэсний орон сууцны корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
24.3.Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана.
24.4.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Үндэсний орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал байх ба гүйцэтгэх захиралд тавигдах шаардлагыг Үндэсний орон сууцны корпорацийн дүрмээр зохицуулна.
25 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх
25.1.Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.корпорацийн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх;
25.1.2.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;
25.1.3.корпорацийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;
25.1.4.төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамруулснаас бусад журам, заавар, аргачлалыг батлах;
25.1.5.корпорацийн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;
25.1.6.төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;
25.1.7.Үндэсний орон сууцны корпорацийн дүрэмд заасан бусад.
25.2.Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.
25.3.Гүйцэтгэх удирдлага ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс урьдчилан тогтоосон этгээдэд өөрийн бүрэн эрхийг тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТАЙЛАН, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
26 дугаар зүйл.. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
26.1.Үндэсний орон сууцны корпораци санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргах бөгөөд жилийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хавсаргана.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасан үйл ажиллагааны тайланг Төрийн албаны тухай хуулийн 54.2-т заасан Засгийн газраас баталсан журам, аргачлалын дагуу тайлагнана.
26.3.Энэ хуулийн 26.1-д заасан санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, аудит хийлгэнэ.
26.4.Үндэсний орон сууцны корпораци үйл ажиллагааны тайланг хагас жил тутамд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
26.5.Үндэсний орон сууцны корпораци санхүү болон үйл ажиллагааны тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн тайлангуудын хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлнэ.
26.6.Банк, нутгийн захиргааны байгууллага нь Үндэсний орон сууцны корпорацийн хүсэлтээр, түүний хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орон сууцны хангамж, зээлийн үнэн зөв мэдээ, мэдээллээр хангана.
27 дугаар зүйл. Ил тод байдал
27.1.Үндэсний орон сууцны корпорацийн жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.
27.2.Үндэсний орон сууцны корпораци үйл ажиллагаандаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.

ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
28 дугаар зүйл. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.3.Энэ хуулийг зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
29 дүгээр зүйл. Хуулийг дагаж мөрдөх журам
29.1.Энэ хуулийн 6.7-д заасан аргачлалыг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, 11.1.4, 18.2, 19.5, 22.3-т заасан журмыг Засгийн газар энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тус тус баталсан байна.
30 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
30.1.Энэ хуулийг 20... оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төслийн файлууд

1. Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
2. Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
3. Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
4. Өргөн мэдүүлэх -Танилцуулга
5. Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
6. Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
7. Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
8. Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
9. Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
10. Өргөн мэдүүлэх -Бусад

Төслийн хэрэглэгчид

 . Монгол Улсын Засгийн газар

. Монгол Улсын Засгийн газар

Initiator of the draft law

Санал үлдээх

You can leave your comment after you sign in. Нэвтрэх