29.1.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа аймаг, нийслэл дэх байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.1.1.эрхэлсэн асуудлын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
29.1.2.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд баримтлах баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө, боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
29.1.3.стандартчиллын техникийн хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааг зохицуулах;
29.1.4.стандартчиллын техникийн хорооны саналыг үндэслэн дэд хороог байгуулах, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааг зохицуулах;
29.1.5.Стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг үндэслэн үндэсний стандартыг батлах, хүчингүй болгох, улсын бүртгэлийн дугаар олгох, бүртгэх, албан ёсны эхийг хадгалах, олон нийтэд мэдээлэх;
29.1.6.тохирлын үнэлгээг энэ хуульд заасны дагуу явуулах;
29.1.7.хариуцсан асуудлаар олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
29.1.8.хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;
29.1.9.энэ хуульд заасан мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, удирдах, хяналт тавих;
29.1.10.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний онолын суурь судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
29.1.11.энэ хуулийн 29.1.10-т заасан ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
29.1.12.чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг алдаршуулан үндэсний чанарын шагнал олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
29.1.13.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээг хэрэгжүүлэх талаар холбогдох төрийн болон бусад байгууллагад зөвлөмж өгөх, хамтын ажиллагааг зохион байгуулах;
29.1.14.тохирлын үнэлгээний тогтолцооны үр нөлөө, үр ашигт дүн шинжилгээ хийж, санал боловсруулах, хэрэгжүүлэх;
29.1.15.үндэсний болон олон улсын стандартын үйл явцын мэдээллийг тухай бүр олон нийтэд нээлттэй хүргэх;
29.1.16.олон улс, бүс нутаг, гадаад орны стандартчиллын байгууллагаас хүчингүйд тооцсон, шинэчлэгдсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан үндэсний болгосон стандартын мэдээллийг төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагуудад тогтмол хүргэх;
29.1.17.үндэсний болгон баталсан олон улс, бүс нутаг, гадаад орны стандартчиллын байгууллагын стандарт хүчингүй болсон тохиолдолд тухайн стандартыг Стандартчиллын техникийн хороогоор хэлэлцэж хүчингүй болгох.
29.2.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
29.3.Аймаг, нийслэл дэх Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
29.4.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн стандартчиллын ажлын төлөвлөгөө, биелэлт, шинжлэх ухаан, техникийн түвшний үзлэгийн үр дүн болон стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дүнд хийсэн дүгнэлтийг жил бүр Засгийн газарт танилцуулна.
29.5.Стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон холбогдох бусад байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.