3.1. Төр бизнесийн эрх чөлөөг хангах талаар дараах зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө:
3.1.1. хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.2. бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалт нь хуульд үндэслэсэн, зайлшгүй, шударга өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх;
3.1.3. бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалтын тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах;
3.1.4. бизнес эрхлэгчийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, байршил, хэмжээ, салбар, хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй хандах;
3.1.5. төрийн үйлчилгээ цахим, ил тод, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, бизнес эрхлэгчээс мэдээллийг нэг удаа авах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.1.6. бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээнд суурилсан, давхардалгүй, ил тод, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
3.1.7. иргэн, хуулийн этгээдийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг төр эрхлэхгүй байх;
3.1.8. хуульд зааснаас бусад тохиолдолд үнэ тогтоох үйл ажиллагаанд төр аливаа хэлбэрээр оролцохгүй байх;
3.1.9. хууль тогтоомж хооронд давхардал, зөрчил үүссэн тохиолдолд бизнес эрхлэгчид илүү таатай нөхцөл олгосон зохицуулалтыг баримтлах;
3.1.10. төрийн аливаа сонгон шалгаруулах үйл ажиллагаа, төсвийн болон төсвийн бус хөрөнгийн захиран зарцуулалтын хэмжээ, хамрах хүрээ, арга хэлбэр нь бизнес эрхлэгчийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн байх;
3.1.11. бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны шийдвэрийн үр дагаварт жил тутам шинжилгээ хийж шаардлагагүй, давхардсан, үр ашиггүй зохицуулалтыг багасгах.
3.2. Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд хийх төрийн зохицуулалтыг боловсруулахдаа бизнес эрхлэгчид үзүүлэх ачаалал, шударга өрсөлдөөний хязгаарлалт, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн оролцоог хангана.
3.3. Төрийн байгууллага, албан тушаалтан бизнесийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа төрийн зохицуулалтын үндэслэл, зорилго, үр нөлөөний талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлж ажиллана.
3.4. Бизнес эрхлэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, зардлыг нэмэгдүүлэх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын дагаж мөрдөж эхлэх хугацаа батлагдсанаас хойш 12-оос доошгүй сарын хугацаатай байна.