4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“ашиглагч” гэж төсвийн хөрөнгө оруулалтаар бий болох, эсхүл бий болсон эдийн болон эдийн бус хөрөнгийг холбогдох хуульд заасны дагуу, гэрээний үндсэн дээр, тогтоосон зориулалт, хугацаагаар ашиглах эрх бүхий хүн, хуулийн этгээдийг;
4.1.2.“гадаад зээлийн гэрээ” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллага хооронд Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу байгуулсан зээлийн ерөнхий болон тусгайлсан гэрээг;
4.1.3.“гадаад тусламжийн гэрээ” гэж хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламж, техник туслалцааны хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш хооронд Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээ, хэлэлцээрийг;
4.1.4.“гүйцэтгэгч” гэж захиалагчтай байгуулсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээдийг;
4.1.5.“зөвлөх үйлчилгээ” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтын талаар мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагад суурилан зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах зэргээр захиалагч, гүйцэтгэгчид гэрээний үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;
4.1.6.“их засвар” гэж хөрөнгийн үндсэн хийц, бүтээц, систем, зангилааг сэргээн засварлах, шинэчлэх, солих замаар ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдал, ашиглалтын хугацааг сэргээх цогц ажлыг;
4.1.7.“их өгөгдөл” гэж төрөл бүрийн эх сурвалжаас өндөр хурдтай, их хэмжээ, өргөн цар хүрээтэйгээр үүсдэг бөгөөд өгөгдөл, статистикт суурилсан дүн шинжилгээ, шийдвэр гаргалтад ашиглах боломж бүхий мэдээллийн цогцыг;
4.1.8.“нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийгэм, эдийн засаг болон бусад салбарт бий болох үр өгөөжийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хэмжиж, үнэлсэн нэгдсэн дүнг;
4.1.9.“техникийн хяналт” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг зураг төсөл, төсөв, холбогдох норм, норматив, техникийн баримт бичиг болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.10.“техник, эдийн засгийн үндэслэл” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх боломж, технологийн шийдэл, байршил, хүчин чадал, нийт санхүүжилтийн хэмжээ, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, байгаль орчны нөлөөлөл, эрсдэлийг үнэлж тооцсон, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглагдах судалгаа, шинжилгээнд суурилсан баримт бичгийн бүрдлийг;
4.1.11.“тоног төхөөрөмж” гэж нэг жилээс дээш хугацаанд ашиглах, төслийн зорилго, хүчин чадал, үйл ажиллагааг хангах зориулалттай машин, техник хэрэгсэл, төхөөрөмж, программ хангамж болон тэдгээрийн салшгүй бүрдэл, дагалдах хэрэгслийг;
4.1.12.“төсвийн хөрөнгө оруулалт” гэж төрөөс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг хангах, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх, сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд хуваарилан зарцуулах үйл ажиллагааг;
4.1.13.“төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж төсвийн хөрөнгө оруулалтын өгөгдөл, мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн цогцыг;
4.1.14.“төсвийн хөрөнгө оруулалтын төсөл” гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх, сайжруулахад болон төрийн чиг үүргийг хангахад шаардлагатай чадавхыг бий болгох, хөгжүүлэх зорилгоор төсвийн хөрөнгөөр санхүүжиж, үндсэн хөрөнгө бий болгох, сайжруулахад чиглэсэн, тодорхой хугацаанд хэрэгжих төслийг;
4.1.15.“төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах болон хөрөнгийн удирдлага, ашиглалт, үр өгөөжийг тооцох, нэгдсэн удирдлагаар үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.16.“төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем” /цаашид “цахим систем” гэх/ гэж мэдээллийн технологид суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх, өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын мэдээлэл солилцох, хадгалах, нийтэд ил тод мэдээлэхэд ашиглах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий программ хангамж, техник хангамжийн нэгдлийг;
4.1.17.“төслийн гүйцэтгэл” гэж төслийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөө болон гэрээнд заасан ажил, бараа, үйлчилгээний биет хэмжээ, чанар, үе шат, хугацааны хэрэгжилтийг эрх бүхий этгээд хянан, холбогдох баримт бичгээр баталгаажуулсныг;
4.1.18.“төслийн нийт зардал” гэж хөрөнгийн зардал, төсөлд ашиглагдах тоног төхөөрөмжийн зардал болон төслийн ашиглалтын үеийн урсгал зардлыг;
4.1.19.“төсөвт өртөг” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг зорилгод нь нийцүүлэн, хамрах хүрээтэй нь уялдуулан, баталсан хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилтийн хэмжээг тооцож тогтоосон дүнг;
4.1.20.“төсөл хэрэгжүүлэгч байгууллага” гэж гадаад зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээр болон төслийн баримт бичигт заасны дагуу гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийг хариуцах эрх бүхий байгууллагыг;
4.1.21.“төсөл хэрэгжүүлэх гэрээ” гэж төсөл хэрэгжүүлэх зорилгоор захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажлын даалгавар, гүйцэтгэл, санхүүжилт, хугацаа, хариуцлага, хяналт, бусад нөхцөлийг тодорхойлсон гэрээг;
4.1.22.“үр өгөөж” гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд шууд болон шууд бусаар бий болох эерэг үр дүн, ашиг тусыг;
4.1.23.“хөгжлийн түнш” гэж хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсад зээл, тусламж олгож байгаа түнш орон, олон улсын байгууллагыг.